Ц.Сэдванчиг албан тушаалаасаа чөлөөлөгджээ
Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэс Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Ц.Сэдванчигийг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Да.Ганболдыг томилжээ. Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээж авсан байна. Харин Ц.Сэдванчиг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар томилогдож байв.
Энэ тухайгаа тэрбээр нэгэн хэвлэлд тайлбарлахдаа “Би нэгэнт ажлаасаа чөлөөлөгдсөн. Улс оронд хэрэгтэй шийдвэр бол миний золиос болох хамаагүй. Дарга нар “Рио Тинто”-гийн хүсэлтийг л биелүүлээгүй бол болох нь тэр. Хүмүүс намайг “Рио Тинто” руу нэмэлт санхүүжилтийн асуудлаар захиа бичсэнийг буруутгаж байгаа. Гэхдээ тэр захидалыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг л явуул гэсэн захиа шүү дээ. Цаг хугацаа тулчихсан байсан, би явуулаагүй бол хэн нэгэн илгээх л байсан захиа. Ямартаа ч, Засгийн газар, Риогийн хооронд гал хамгаалагч болох үүргээ найман сар гаруй хугацаанд гүйцэтгэлээ. “Рио Тинто”-гийн нөхдөд энэ улс хуультай тусгаар улс гэдгийг мэдрүүлсэн. Гэрээг сайжруулж болох үүдийг нээж өглөө. Цаашид манай тал зорилгоосоо буцалгүй, бууж өгөлгүй ажиллах нь чухал” хэмээн ярьжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ