“Хүүхдээс хүүхдэд” хөтөлбөр эрүүл мэндийн боловсрол олгоно

Энэхүү сургалтыг БШУЯам, Дэлхий зөн олон улсын байгууллага, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран таван өдрийн турш явуулах юм. 21 аймаг, 9 дүүргийн Боловсрол соёлын газрын Бага боловсролын мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд эндээс олсон мэдлэгээ сум болон хороодын багш нартаа түгээх аж.
“Хүүхдээс хүүхдэд” олон улсын хөтөлбөр нь хүүхэд нэг бүрийн оролцоонд тулгуурлан эрүүл мэндийн боловсролыг олгодог. Манай улсын хувьд Английн боловсролын их сургуулийнхаас үлгэрлэн аргазүйн хөтөлбөрөө боловсруулжээ. Тус хөтөлбөрийг хоёр жилийн өмнөөс туршиж үзсэн бөгөөд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 26 дугаар сургууль, Өвөрхангай аймгийн төвийн ерөнхий боловсролын дөрвөн сургууль, Архангай аймгийн Хайрхан сумын дунд сургууль зэрэг 20 гаруй газар хэрэгжүүлсэн байна. Ингэснээр хүүхдийн эрүүл мэндийн боловсролд бодит сайнаар нөлөөлсөн гэсэн судалгааны дүн гарчээ. Дэлхийн зөн олон улсын байгууллагын эрүүл мэндийн хөтөлбөрийн үндэсний зохицуулагч Ц.Наранцэцэг “Хамгийн энгийн жишээ татахад одоогийн зааж буй эрүүл мэндийн хичээлд хүүхдийг нусны алчуур цүнхэлж яв гэдэг. Харин энэ хөтөлбөрийн дагуу эрүүл мэндийн хичээлд суусан хүүхэд нусны алчуурыг ямар үед хэрхэн ашиглахыг сурах юм. Мөн хүүхдэд төдийгүй эцэг эхчүүдэд нь хүртэл өөрчлөлт гардаг. Өнөөдрийн энэ сургалт бол дөнгөж эхлэл нь цаашид стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, багш нараа сургаснаар төсөл хөтөлбөр хэрэгжих боломжтой болно” гэлээ.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ