
Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо Алтан-Өлгий орчим Монелийн гудамжинд нийт 20 мянган хүн ам амьдардаг бөгөөд замын нөхцлөөс хамааран зөвхөн бага оврын автобус явдаг байсан. Энэ нь иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа учраас их багтаамжийн автобус явуулах хүсэлтийг иргэд удаа дараа гаргажээ.
Тиймээс өнөөдрөөс эхлэн 56-р чиглэлийг шинээр нээж байгаа бөгөөд Алтан-Өлгий орчмын иргэдээс авсан зорчих эрэлтийн судалгаанаас харахад нийт зорчигчдын 42 хувь нь хотын төв рүү явдаг бол 40 орчим хувь нь сургуульд хүүхдүүдээ хүргэх, дүүргийн захиргаа болон эмнэлэгт очих, эсвэл хотын бусад хэсэг рүү дамжин суух зорилгоор Офицеруудын ордон, Баянзүрх дүүрэг рүү зорчдог байна.
Иймээс М:56 буюу "Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар" чиглэл нь Монелийн 38-р гудамжаас хот тал руу явахдаа 430-р худаг, Цайз зах, 72-р хотхоноор дайран Офицеруудын ордон хүрч, Баянзүрх дүүрэг, Кино үйлдвэр, Жуковын музейн буудлуудад зогсоно. Улмаар хойшоо эргэж Сансарын үйлчилгээний төвийн буудалд зогсоод зүүн тал руу явахдаа Хилийн цэргийн удирдах газар, Их Засаг, 1000 оюутны байраар дайран Алтан өлгий, Монелийн гудамж руу явна.
М:56 "Монелийн 38-Офицеруудын ордон-Сансар" чиглэлд их багтаамжийн 5 автобус үйлчилнэ. 2011 онд нийтийн тээврийн үйлчилгээнд 6 чиглэлийг шинээр нээж, 8 чиглэлийг сунгаж, 14 чиглэлийн замналд өөрчлөлт оруулсан гэж Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ