Хууль бус барилгын ажлыг зогсоож өгөхийг дахин хүслээ

img

 

Чингэлтэй дүүргийн III хороо, Урт цагааны хойд талд иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар “Сүмбэр цамхаг” ХХК нэг давхартаа үйлчилгээтэй, орон сууцны 10 давхар барилга барьж байгаа. Энэхүү барилга нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа таван төрлийн хууль дүрмийг зөрчиж байгаагаас гадна тус хорооны 39, 40 дүгээр байрны “Гэгээн өргөө” СӨХ-ны оршин суугчид, “ЭДКС” ХХК, болон Урт цагааны түрээслэгчдийн эрх ашгийг зөрчиж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан.

Энэхүү асуудлыг шийдүүлэхээр нийслэлийн Засаг даргад хүсэлт хүргүүлэхэд хариу ирүүлээгүй учир дахин хүсэлт илгээж, бодит байдалтай газар дээр нь ирж танилцан яаралтай арга хэмжээ авч өгөхийг өнөөдөр тэд дахин хүслээ. “Сүмбэр цамхаг” ХХК  хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буйг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтоож үйл ажиллагаагаа түр зогсоох шийдвэр гаргажээ. Гэвч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа үргэлжилэн оройн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл барилга угсралтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон журмыг зөрчиж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулан шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг “Гэгээн өргөө” СӨХ-ны захирал Х.Алтантуяа мэдэгдсэн.

Мөн тэрээр хотын даргад хандаж “Энэхүү хууль бус барилгын үйл ажиллагааг эртхэн зогсоохгүй бол тус хорооны 39, 40 дүгээр байрны иргэдэд аюул тулгараад байна. Өглөө ажилдаа гарахдаа бэртэж гэмтэхгүй, дээрээс мод төмөр унахгүй гэсэн баталгаа алга. Урьдын гашуун сургамжийг дагаж  хэн нэгний амь нас хохирсоны дараа барилгын зөвшөөрөлийн асуудлыг ярьдаг байдлаа зогсоох хэрэгтэй” гэлээ.

Б. Будхүү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
setgegdel orohgui bna shuu
2013-08-20