Ч.Батбаатар: Ашиглагдах хугацаа нь дууссан лифтүүдийн үйл ажиллагааг зогсооно
ШӨХТГ-аас Улаанбаатар хотын байрнуудын лифтний асуудлыг эцэслэн шийдэх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд удирдчилсан байдлаар 3000 орчим лифт байдаг хэмээн тооцоо судалгаа байдаг аж. Тэдний ихэнх нь ОХУ-д үйлдвэрлэсэн ашиглах хугацаа нь дууссан лифтнүүд байдаг бөгөөд иймд бүх лифтийг тэмдэгжүүлэхээр болсон байна. Энэхүү тэмдэгжүүлэлтэд лифтны үйлдвэрлэсэн он, ашиглах хугацаа болон бусад санамжуудыг байршуулах аж. Энэ ажил энэ сарын 16-нд эхэлсэн бөгөөд ирэх арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх аж.
.
Мөн энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотод байгаа бүх лифтны албан ёсны тооцоо судалгаа гарах бөгөөд чанар аюулгүй байдал нь алдагдсан лифтыг зогсоох аж.
.
Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатартай ярилцлаа.
.
-Лифттэй холбоотой гомдол хэрэглэгчдээс хэр их ирдэг вэ?
-Ирнэ ээ. Хэрэглэгч буюу иргэн гэртээ орохдоо лифтээр зорчдог. Тэгэхээр лифт гэдэг маань эрүүл ахуй амь настай шууд холбогддог асуудал. Гэтэл манай улсад байгаа 3000 орчим лифтний дийлэнх нь эрүүл ахуйн стандарт, чанарын шаардлага хангаагүй байдаг. Тэдгээр лифт дотроо 6-8 хүний багтааж, даацтай боловч хааяа түүнээс илүү ачааллыг үүрдэг. Тиймээс манай ШӨХТГ-аас бүх лифтийг тэмдэгжүүлэхээр болсон.
.
-Тус тэмдэгжүүлэлтэд лифтний стандартыг тусгана гэсэн үг үү?
-Тийм. Лифтийн тэмдэгжүүлэлтэд тухайн лифтийг ямар компани, хаана, хэзээ үйлдвэрлэсэн, ямар аж ахуйн нэгж одоо эзэмшиж байна, ашиглалтын эхлэх ба дуусах хугцааг бичих болно. Ингэснээр хэрэглэгчид маань дундын өмч буюу лифтнийхээ эзэн болж, давхар хяналт тавьж ажиллах юм. Мөн нийслэлийн өмчит газраас Улаанбаатар хотын бүх лифтэд шалгалт хийхээр боллоо. Уг шалгалтаар ашиглагдах хугацаа дууссан болон ашиглагдах боломжгүй лифтүүдийн үйл ажиллагааг зогсоож, хаана.
.
-Лифтийг тэмдэгжүүлэх ажлын хүрээнд төсвөөс хэдэн төгрөг гаргуулж байгаа вэ?
-Лифтийн шалгалтын ажилд төсвөөс дөрвөн сая төгрөг гаргуулсан. Шалгалт хоёр сарын хугацаанд хийгдэнэ. Харин тэмдэгжүүлэх төсвийг тухайн орон сууцны оршин суугчдаас гаргуулна. Албан бус тооцоогоор нэг өрхөөс 10 мянган төгрөг гаргуулах байна.
_
-Лифтний шалгалтыг хамгийн сүүлд хэзээ хийж байсан бэ?
-Лифтний шалгалт сүүлийн 23 жилд нэг ч удаа хийгдэж байгаагүй. Нэгдсэн тоо бүртгэл байдаггүй. Ийм учраас хуучны байрнуудын лифт өнөөдөр ямар ч аюулгүйн баталгаагүй байна. Тухайн лифтний хугацаа дууссан эсэхийг хэн ч асууж лавладаггүй.
Шинээр баригдаж буй барилгын компаниудад лифтний тэмдэгжүүлэлт заавал хийхийг манай байгууллагаас мөн шаардаж байгаа.
.
.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ