ИТХ дахь МАН-ын гишүүд иргэдийнхээ төлөө ажиллахгүй байна гэв
Сонгинохайрхан дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга П.Галиндэв тэргүүтэй эрхмүүд тус дүүргийн ИТХ-д олонхи болсон МАН-ынханы хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн талаар мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр “Орон нутгийн сонгууль болоод найм дахь сартайгаа золгож байна. Дүүргийн иргэдийн төлөөлөгчид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэхэд хангалттай хугацаа. Манай дүүргийн ИТХ-д МАН-аас 22 хүн, АН-аас 17 хүн, МАХН-аас 2 хүн иргэдээ төлөөлж ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн V дугаар хурал болж, төсвийн тодотголоо хийсэн. Гэтэл төсвийн тодотголд нь Засаг даргын тамгын газрын гадна засвар, дарга нарын ажлын өрөөний тохижилт, сандал ширээний мөнгийг төсөвлөсөн байна. Хичнээн эсэргүүцээд нэмэргүй олонхоороо дэмжээд асуудлаа шийдчихээд байна.
Сонгинохайрхан дүүрэг 280 мянга гаруй хүн амтай, тог цахилгаангүй өрхүүдтэй, гудамж талбай гэрэлгүй гээд маш олон асуудал хүлээгдэж байгаа. Уг нь 2013 оныг манай дүүрэг “Иргэдийн оролцооны жил” болгон зарласан. Иргэдийн оролцоог дэмжин дүүрэгтээ хийх ажлыг хэлэлцсэн бол маш олон ажил хийгдэх боломж байсан. Иргэний танхим байгуулах ёстой атал өнөөдрийг хүртэл байгуулаагүй байна. Иргэдийн хурлын танхимын өрөөг дарга нарт хуваагаад өгчихсөн. Дүүргийн ИТХ орон нутгийн сонгуулиас хойш нийтдээ 130 шийдвэр, тогтоол гаргаад байгаа ч эдгээр нь зөвхөн нэг л намын байр сууринаас хандаж гаргадаг. Ард иргэдийнхээ төлөө ажиллаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, өөрсдийн үйл ажиллагаанд дүгнэлт хийгээч ээ гэдгийг хэлэхийг хүссэн тул ийнхүү хэвлэлийнхэнд хандаж байна” гэлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ