Өртөөнүүд дээр удаан зогсохгүй байх талаар зөвлөлджээ
Монгол, Орос, Хятад улсын гурван талын хэлэлцээр өчигдөр дууслаа. Харин эндээс хэлэлцэж шийдсэн асуудлаа маргааш гарын үсэг зурж баталгаажуулахаар болжээ. БНХАУ-ын Хөх хотын төмөр замын дарга болон албаны хүмүүс нийлээд 13 төлөөлөгч ирсэн бол ОХУ-ын Дорнод-Сибирийн төмөр замын 18 төлөөлөгч манайд айлчилжээ. Монгол-Оросын төмөр замын төлөөлөгчдийн хэлэлцээрээр Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд явж буй галт тэрэгнүүд “Наушки” өртөөн дээр удаан зогсоохгүй байх талаар харилцан санал бодлоо солилцжээ. Харин Монгол-Хятадын төмөр замын уулзалтаар хоёр талын төлөөлөл Замын-Үүд дээр галт тэрэг удаан зогсч цаг алддаг байдлыг болиулах тал дээр зөвлөлдсөн байна. Түүнчлэн энэ үеэр төмөр замын техник тоног төхөөрөмж болон тус салбартай холбоотой дотоод асуудлынхаа талаар харилцан санал бодлоо солилцжээ.
Гурван улсын төмөр замын төлөөлөгчид өнөөдөр Сайншандын Энергийн төв орж, Улаанбаатар төмөр замын аялалын товчооны үйл ажиллагаатай танилцах аж. Дээрх уулзалтыг өнгөрсөн жил Хөх хотод зохион байгуулсан бөгөөд үүний дүнд цемент зэрэг барилгын материалыг оруулж ирэхэд Замын-Үүд дээр түгжрэн, удаан зогсолт хийдэг байсан гэх мэт олон асуудлыг энэ жил зохицуулж чаджээ. Ирэх жил гурван улсын төмөр замын зөвлөлдөх уулзалт Эрхүү хотод болох юм.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ