Оюутолгойгоос 2000 орчим хүн халагдаад байна
- Халагдсан ажилчдыг хэвлэл мэдээлэлд хандаж болохгүй гэсэн бололтой-
"Оюутолгой" ХХК-ийн далд уурхайн барилгын ажил зогсож хэд хэдэн гүйцэтгэгч компаниудтай гэрээгээ цуцалсан. Ингэснээр олон хүн ажилгүй болж байгаа тухай бид мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн хорооноос “Оюутолгой” төслийн гүйцэтгэгч компаниуд ажилчдаа халж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн хуралд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн хорооны дарга С.Ганболд, Монголын Тээвэрчдийн холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Рагчаа, Монголын барилгачдын эздийн үйлдвэрчдийн холбооны дарга н.Батцогт нар оролцсон юм. Мөн “Оюутолгой” төслийн гүйцэтгэгч компаниудын ажлаас халагдсан ажилчдын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн хорооны дарга С.Ганболд хэлэхдээ ““Оюутолгой” төслийн гүйцэтгэгч компаниудын ажлаас халагдсан ажилчдын төлөөлөл өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож байгаа ч олон нийтийн өмнө ил гарч болохгүй байгаа. Учир нь “Оюутолгой” компани туслан гүйцэтгэгч компаниудаас халагдсан ажилчдыг олон нийтийн хэвлэл мэдээлэлд хандаж болохгүй гэсэн бололтой. Одоогийн байдлаар “Оюутолгой” компаниас 61 хүн албан ёсоор халагдаад байна. Харин туслан гүйцэтгэгч компаниудаас 2000 орчим ажилчид халагдсан мэдээтэй байна. Тиймээс манай ҮЭ-ийн холбоо өчигдөр Хөдөлмөрийн яаманд хандаж, ажлаас халагдсан хүмүүсийн бодит тоог өгөхийг хүссэн. Өнөөдөр Хөдөлмөрийн яамнаас хариу ирнэ гэдэгт итгэлтэй байна. Манай ҮЭ-ийн зүгээс “Оюутолгой” компанийн туслан гүйцэтгэгч компаниуд ийм олон хүнд яагаад цомхотгол нэрээр мэдэгдэл өгч эхлэв гэдгийг бид гайхаад байгаа. Ажлаас халагдсан мэдэгдлийг уншихаар “цомхотголд оруулж байна, Оюутолгойн далд уул уурхайн барилга байгууламжийн үйл ажиллагаагаа түр хугацаагаар хойшиллоо” хэмээн бичсэн байгаа юм. Уг нь цомхотгол, сул зогсолт хоёр нь өөр ойлголтууд юм. Үүнд гүйцэтгэгч компаниуд нэгдсэн тайлбар өгөх хэрэгтэй байх. Хэрэв гүйцэтгэгч компаниудын удирдлагууд “ажилчдаа цомхотголд оруулж байгаа гэвэл хоёр хүний нэг нь ажлаас халагдаж, үйл ажиллагаа хэвийн үргэлжилэх ёстой. Харин сул зогсолт гэвэл үйлдвэрлэлээ зогсоогоод Хөдөлмөрийн хуулийн дагуу ажилчиддаа сул зогсолтын цалин хөлсийг олгох үүрэгтэй. Гэтэл тэдний ажлаас чөлөөлөх мэдэгдэлд дээрх хоёр ойлголтыг бичсэн байна. Мөн энэ хугацаанд зүй бус явдал гаргавал тэтгэмжийг нь өгөхгүй гэж бичсэн байгаа юм. Энэ нь ямар учиртайг тэд бас тайлбарлах хэрэгтэй” хэмээн ярьсан юм.
.
- Оюутолгойгоос халагдсан ажилчдын бодит тоог хэнч мэдэхгүй байна-
.
Харин Монголын Тээвэрчдийн холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Рагчаа “Манай ҮЭ-ийн холбооноос ажилчдыг нь ажлын байртай байлгахыг л хичээж байгаа.
Учир нь Оюутолгойгоос халагдсан нийт ажилчдын 95 хувь нь банкны зээлтэй. Зээлтэй ажилтнууд ажлын байраа алдсны улмаас орон байргүй, эд хөрөнгөгүй болж ядуусын эгнээнд шилжиж байна.
Иймд Засгийн газар ажил олгогч талаас ажлын байрыг нь нэн даруй олгох боломж гаргахыг хүсэж байна. Хамгийн гол нь Оюутолгойгоос хэдэн ажилтан халагдсан бодит тоон мэдээлэл бидэнд битгий хэл, салбарын яам, Засгийн газарт ч очоогүй байна” гэв.
.
Г.Хүрэлбаатар: Халагдсан ажилчид дунд гадны хүмүүс ч байгаа
.
Хэвлэлийн хурлын үеэр гүйцэтгэгч компаниудаас халагдсан ажилтан Г.Хүрэлбаатартай хэсэг хором ярилцлаа. Тэрбээр өөрийн зургаа нийтлүүлэхийг хүссэнгүй. Учир нь түүнд өгсөн мэдэгдэлд хэрвээ хэвлэл мэдээлэлд хандаж, зүй бус явдал гаргавал тэтгэмжийг олгохгүй” хэмээн заасан байгаа аж.
.
-Далд уурхайн үйл ажиллагаа зогссоны улмаас ойролцоогоор хэдэн хүн халагдаад байна вэ?
-Одоогийн байдлаар Оюутолгойн далд уурхайн 1,2,5-р амуудын үйл ажиллагаа тэр чигтээ зогссон байна. Уг нь нэг ам дээр хоёр ээлж тус бүр дээр 30 орчим хүн ажилладаг. Тэд бараг бүгд халагдаад өчигдөр хотод ирлээ. Одоо тэнд 3-4 хүн л ажиллаж байгаа байх. Өөрөөр хэлбэл, гүний уурхайн ажил нам зогссон.
.
-Та ажлаас халагдах мэдэгдлийг хэзээ хүлээж авсан бэ?
-Надад ажлаас халагдах мэдэгдэл энэ сарын 14-нд ирсэн. Гэтэл тус мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн хоёр өөр ойлголтыг оруулсан байсан. Нэг бол ажлаас халагдах цомхотгол, нөгөө бол сул зогсолт гэж бичсэн байгаа юм. Хэрэв сул зогсолт бол бидэнд үндсэн цалингийн 60 хувийг өгөөд Оюутолгой хэзээ хэвийн үйл ажиллагаанд орох үед дуудах ёстой. Тэгтэл уг мэдэгдэлд есдүгээр сарын 28-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээ цуцлагдана гэсэн байгаа юм. Ажлаас халагдлаа гэхэд бид 3 сарын цалингаа авах боловч ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна гэсэн үг. Ийм олон хүнийг ажилгүй болговол улс орны эдийн засагт маш том уналт бий болно шүү дээ.
.
-Ажлаас халагдах мэдэгдлийг хэдэн хүн авсан байна вэ?
-Яг тодорхой тоог мэдэхгүй байна. Гэхдээ миний сонссоноор 2000 орчим хүн авсан бололтой байна лээ. Халагдах мэдэгдлээ авсан хүмүүсийн дийлэнх нь ирчихсэн байгаа. Зөвхөн манай компанийн хувьд л гэхэд дундажаар 1000 гаруй хүн халагдсан байна.
.
-Таны хувьд банкны зээлтэй юу?
-Зээлтэй. Ер нь Оюутолгойд ажиллаж байгаа дийлэнх хүн цалингын зээлд хамрагдсан байдаг. Миний хувьд 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан. Гэтэл өчигдөр Хаан банкнаас над руу “Та орон сууцны зээлд хамрагдсан хэрнээ урьдчилгаа төлбөрөө төлөөгүй байна. Хэрэв 25-ний дотор өрөө төлөхгүй бол ойр дотны хүмүүсийн хөрөнгийн хураан авч, банкны орлого болгоно шүү” гэж ярьж байна. Над шиг байдалд орсон олон зуун залуус байна. Бид ажилгүй боллоо, дээр нь амьдралгүй болоход ойрхон байна. Тиймээс Засгийн газар Оюутолгойн ажилчдын ажлын байрны асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.
.
-Халагдсан ажилчид дунд гадны иргэн байгаа юу?
-Байгаа. Албан бус мэдээгээр 63 гадаад ажилчин халагдсан гэсэн.
.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ