МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

img

Монгол улсын боловсролын их сургуулийн 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд БШУ-ны сайд Л.Гантөмөр, МУБИС-ийн захирал академич Б.Жадамбаа, МУБИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал доктор Д.Мөнхжаргал болон бусад удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд хүрэлцэн ирж оролцсон юм.

Хэдхэн сарын өмнө арван жилийн ширээний араас босч оюутан нэрийг хүртэн, амьдралынхаа анхны алхамаа хийж буй шинэ оюутнууд аав, ээжийн хамт хичээлийн шинэ жилийн нээлтдээ ирцгээжээ. МУБИС-ийн захирал академич Б.Жадамбаа нээж үг хэлэхдээ “Манай сургууль энэ хичээлийн шинэ жилд 2000 гаруй оюутан шинээр элсүүлээд байна. 2013-2014 оны хичээлийн жилийн үйл ажиллагааг Багшийн сургуулийн хувьд энэ сарын 19-нөөс, бусад салбар сургуулийн хувьд энэ сарын 26-аас тус тус эхлүүлж байгаа юм. Бусад сургуулиас түрүүлж сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаа нь Багшийн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнуудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний сургалтын “Dyned” болон мэдээллийн технологийн эрчимжүүлсэн шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой. Энэхүү хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд БШУЯамнаас цахим орчин бүрдүүлэх, бусад шаардагдах сургалтын технологийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй” гэлээ.

.

Монгол улсын нүүр царай бол багш

.

Үүний дараа МУБИС-ийн хүндэтгэлийн дуу болох “Насны баясгалан”-г МУАЖ Б.Зангад дуулж, шинэ оюутнууд болон тэнд хуран цугласан хүмүүсийн сэтгэлийг хөнгөн догдлууллаа. БШУ-ны сайд Л.Гантөмөр шинэ оюутнуудад хандаж “Монгол улсын нүүр царай бол УИХ, ЗГ биш. Харин багш юм. Багш нар сайн байвал боловсрол сайн болно. Боловсрол сайтай ирээдүй улсаа сайхан байлгана. Тиймээс та бүхэн Монголын ирээдүй миний гарт байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр та бүхэн бусад сургуулийн оюутнуудаас нэг алхамын өмнө сурч эхэллээ. Үүнийгээ алдахгүй байхын тулд эрт босч, орой унтаж чадвал дандаа ялагч хэвээрээ байна. Ялагч байхын үндэс нь англи хэл, компьютерийн мэдлэг. Эдгээрийг сурах боломж, сургалтын орчныг бид олгож байна” гэж хэлсэн.

.

Мөн Монгол улсанд англи хэлтэй багш нар маш их хэрэгтэй байгаа болохоор хэл сураад урвахгүй байхыг захисан. Аав, ээжийнхээ өврөөс гарч ирж байгаа хүмүүс олны дунд хөл алдахгүй байхыг анхааруулж, архи дарснаас ч хол байхыг сануулсан юм.

Энэ хичээлийн жилийн бас нэгэн онцлог нь Засгийн газрын 181 тоот тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох” журамд өөрчлөлт оруулж МУБИС-д ЭЕШ-даа 650-750 оноо авч элссэн оюутанд сургалтын төлбөрийн 70 хувийн хөнгөлөлт, 750-иас дээш оноотой эллсэн бол сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх боломж олгож байгаа.

.

Дээрх шаардлагыг хангасан буюу ЭЕШ-даа 750-иас дээш оноо авч сургалтын төлбөрөө бүрэн чөлөөлүүлсэн Б.Ариунзандан, У.Нандинхүсэл болон сургалтын төлбөрийн 70 хувийг чөлөөлүүлэх боломжтой Б.Даваасүрэн, Б.Эрдэнэсүрэн зэрэг нийт есөн оюутанд БШУ-ны сайд батламжийг нь гардуулан өглөө.

.

Энэ үеэр Ховд аймгийн Мөнххайрхан сумаас ирсэн бага ангийн багшийн нэгдүгээр дамжааны оюутан Б. Ариунзандангийн сэтгэгдлийг хуваалцлаа.

.

- Баяр хүргэе. Сургалтын төлбөрөө 100 хувь хөнгөлүүлэхээр болжээ. Сэтгэгдэл ямар байна?

- Баярлалаа, Оюутан болж байгаа гэж бодохоор бас анхны гараагаа амжилттай эхэлсэндээ болохоор сэтгэгдэл маш өндөр байна. Элсэлтийн шалгалтдаа маш их хичээж бэлдсэн. Түүний үр дүн гарлаа. Намайг тусалж дэмжиж байсан багш нар, гэрийнхэндээ их баярлалаа.

.

-Яагаад бага ангийн багшийн мэргэжлийг сонгов?

-Бага ангийн багшаа хараад, багаасаа л ингэж боддог байсан. Тэгээд ч Монгол улсад эрэлттэй мэргэжлийн жагсаалтад хоёрт бичигдсэн байдаг. Одоо дөнгөж эхэлж байна. Цаашдаа сурах зүйл маш их байгаа. Аавдаа хайртай шүү охин нь сайн оюутан чадварлаг багш болж таныхаа ачийг хариулна гэж хэлмээр байна.

Ийнхүү шинэ оюутнуудын сурах хүсэл эрмэлзлэл, эцэг эхчүүдийн итгэл найдвар тээсэн нэгэн сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.

.

Б.Будхүү  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мундаг байна шүү:
сургалтын төлбөрөө хөнгөлүүлсэн дүү нарыгаа манай сургуулийг сонгосонд баярлалаа... сурлагын өндөр амжилт хүсье..амжилт чиний гарт
2013-10-05
хөөрхөн л байна ш дээ:
оюутан болж байгаа бүх дүү нартаа сургалгын амжилт хүсье. сайн багш нар болоорой.
2013-09-01
ххаха-д:
муу ху ж аа чинь монголыг хараад хөдөө гадаа гээд л сайхан бгаа бхдаа Одохондо та нар том бна удахгүй л дээ гхэдээ муу ху ж ааа
2013-08-22
xxaxa:
baahan hodoonii ohid
2013-08-21