Буудайн шинэ мутант сортуудтай танилцжээ
"Цаг уурын нөхцөлд дасан зохицсон мутант сорт гарган авах, хөрс, усны менежментийг сайжруулах туршлага солилцох уулзалт"-ыг Цөмийн энергийн газар, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран 08 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Олон улсын атомын энергийн агентлаг/ОУАЭА/-ийн “Мутацын аргыг ашиглан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шинэ буудайн сорт гарган авах" төслийн хүрээнд зохиосон энэхүү уулзалтад Япон, Австрали, Энэтхэг, Бразил, Пакистан, Индонез, Бангладеш, Малайз, Тайланд, Өмнөд Солонгос, Хятад, Мьянмар, Непал, Филиппин, Вьетнам, Шриланк зэрэг орны төлөөлөгчид оролцон, хамтран ажилласан байна.
.
Тус уулзалт нь төслийн гишүүн орнууд цөмийн технологийг ашиглан цаг уурын нөхцөлд дасан зохицсон ургамлын мутант сорт гарган авах, хөрс усны менежментийг сайжруулах тал дээр харилцан мэдээлэл өгч, туршлага солилцох зорилгоор зохион байгуулжээ. Уулзалтанд оролцсон төлөөлөгчид мутант сорт гарган авахад үр дүнтэй шинэ технологийн талаар санал, туршлага солилцсон бөгөөд Дархан хот дах ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн/УГТЭШХ/-д зочилж Монгол дахь төслийн хэрэгжилтэй танилцсан байна.
.
Дарханы УГТЭШХ нь ОУАЭА-ийн дэмжлэгтэй мутантын судалгааг боловсронгуй болгох зорилгоор селекци генетикийн лаборатори, хөрс агрохимийн лабораториудыг шинээр байгуулжээ. Одоогоор эрт болцтой, ахиу ургацтай буудай, буурцагт ургамлын шинэ сортууд, ризобиум биобордоо зэргийг гарган авч зах зээлд амжилттай нэвтрүүлсэн байна. Мөн дээрх төслийн хүрээнд тариалангийн томоохон талбайн хөрсний чийгшлийг хэмжих чадвартай 10HS төхөөрөмжийг суурилуулж, Дархан-172, Дархан-173, Дархан-175 буудайн шинэ мутант сортуудыг гарган туршиж буй аж.
.
Мөн түүнчлэн төслийн гишүүн орнууд цөмийн технологийг ашиглан хөрсний үржил шим, чийгшлийг тодорхойлж хөрс, усны менежментийг сайжруулснаар ургамлын гарц нэмэгдэж, ургац хураалтын хугацаа богиноссон үр дүнд хүржээ.
.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ