Валютын хадгаламж 126.9 тэрбум төгрөгөөр өсчээ
Арилжааны банкуудын нийт хадгаламж өнгөрсөн сард өмнөх сараасаа 4 хувь буюу 200 орчим тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 18.6 хувь буюу 823.6 тэрбум төгрөгөөр өсчээ. Өнгөрөгч 7 дугаар сарын сүүлчээр банкуудад байгаа нийт хадгаламж 5241.4 тэрбум төгрөг болсон байна. Үүнээс аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж 6 дугаар сараасаа 89.5 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 3 дахин их буюу 456 тэрбум төгрөгөөр өсчээ. Харин иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сараас 0.5 хувь буюу 16 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ өнгөрсөн оны мөн үеэс 14.7 хувь буюу 427 тэрбум төгрөгөөр өсч 3332.4 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Гадаад валютын хадгаламжийн тухайд өмнөх сараас 11.5 хувь буюу 126.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ нь “Валютын ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор иргэд монгол төгрөгийг бус гадаад валютыг хадгалуулах нь илүү ашигтай гэж үзсэн” хэмээн зарим эдийн засагчид тайлбарлаж байна. Гэхдээ валютын хадгаламж 2012 оны 7 дугаар сартай харьцуулахад 59.4 тэрбум төгрөгөөр буурч, 1227.6 тэрбум төгрөг болжээ. Ингээд арилжааны банкуудын нийт хадгаламжийн 76.6 хувь нь төгрөгийн, 23.4 хувь нь валютын хадгаламж эзэлж байна.
Төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 0.6 нэгж хувиар өсч жилийн 11.8 хувь болсон бол валютын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 0.4 нэгж хувиар буурч жилийн 5.5 хувь болжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ