З.Энхболд: Төрөөс өгсөн дэмжлэг эзнээ олжээ
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа. Энэхүү бүтээн байгуулалтай танилцах ажлын хэсэгт Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Одонтуяа, Х.Болорчулуун нар оролцсон. Харин Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон албаны бусад хүмүүс дагалдаж, бүтээн байгуулалтын ажлын явц байдлын талаар танилцуулга хийсэн юм.
.
VII хорооллыг Гудамж төсөлтэй уялдуулжээ
.
УИХ-аас Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталснаар “Гэр хорооллыг дахин төлөвлөлт”-ийн ажлын эхний 12 байршлыг НИТХ-аас тогтоох боломж бүрдсэн юм. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд эхлээд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 7 дугаар хорооллын барилгажилтын явц байдалтай танилцсан юм. Одоогоор орон сууцны VII хорооллын эхний ээлжийн барилгажилтын үйл явц 85 хувьтай яваа бөгөөд одоо баригдаж байгаа Ё блокийн 8,2 га талбайд 1080 айлын орон сууц, 300 хүүхдийн хоёр ширхэг цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор, 240 машины авто зогсоол бүхий цогцолборыг 2014 он гэхэд улсад хүлээлгэж өгөх аж. Цаашлаад энэхүү төслийн бүрэн гүйцэтгэл 2016 он гэхэд бүрэн дуусах гэнэ. Энэ хугацаанд тэд 9600 айлын орон сууц, 250 хүний ортой эмнэлэг, 3000 хүүхдийн сургууль, 1000 хүүхдийн цэцэрлэг, 6000 автомашины граж, 3000 автомашины ил зогсоол бүхий орон сууцны VII хорооллыг улсад хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Шинээр баригдаж буй орон сууцны VII хороололын тухайд нийтдээ 54 га талбайд бүтээн байгуулалт хийгдэх талаар “Бэрэн” группийн төслийн удирдагч Ц.Эрдэмбаяр мэдээлсэн. УИХ-ын дарга дэд бүтцийн ажил давхар хийгдэж буйг лавлаад энэ хэсэг нь шавар шалбааг ихтэй байсан учир барилгын ажлын чанар, аюулгүй байдалд ихээхэн анхаарч ажиллахыг зөвлөв.
.
49 дүгээр сургуулийн бохирын асуудлыг шийджээ
_
Дараа нь Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Хайлаастын 15-р буудалын дэргэд байрлах ерөнхий боловсролын 49 дүгээр дунд сургуулийн бохирын асуудлыг шинэ технологи ашиглан шийдвэрлэсэнтэй танилцсан. Энэхүү шинэ технологийг “Атмор” компани хэрэгжүүлж байгаа аж. Атмор компанийн энэхүү бохирын системийн технологи нь үндсэн гурван үе шаттайгаар цэвэрлэгээ хийдэг гэнэ. Тухайлбал, механик, биологийн, хөрсний гэсэн гурван үе шаттайгаар бохирын усыг цэвэрлэнэ. Энэхүү технологи нь байгаль орчинд ээлтэй, газар төлөвлөлтөнд нөлөө үзүүлэхгүй, ашиглалтын зардал багатай, өвөл хөлдөхгүй, үнэр гардаггүй зэрэг давуу талуудтай аж. Атмор компаны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Саруулсайхан энэ үеэр “Цэвэрлэх байгууламжуудын технологиуд дотроос хамгийн хямдхан, хамгийн үр дүнтэй хэрэглэхэд хялбар технологи бол энэхүү Септик танк технологи юм. Жирийн нэгэн айл өрхүүдээс эхлээд томоохон албан байгууллагууд үүнийг хэрэгцээндээ нэвтрүүлэх бүрэн боломжтой. Үнэ өртөгийн тухайд 49 дүгээр сургуулийн бохирын асуудлыг бүрэн шийдэхэд 22 сая төгрөг зарцуулагдсан. Тэгэхээр энэ сургууль урьд нь зөвхөн бохироо соруулахдаа 22 сая төгрөг зарцуулдаг байсан бол жилийнхээ төсвийн мөнгөөр энэхүү септик танкийг суурилуулсанаар жил болгон 22 сая төгрөгийг хэмнэнэ” гэж байв. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд нийслэлийн цэвэр, бохирын шугамтай холбогдоогүй байсан ЕБС-ыг төвлөрсөн бус цэвэр бохирын шийдлээр шийдэж буйг зөв зүйтэй ажил болсныг онцлоод Улаанбаатар хотын гэр хороолол дахь 26 сургуулийн цэвэр, бохирын асуудлыг ийнхүү шийдвэрлэсэн нь үр дүнтэй ажил болсныг сайшаав. Цаашдаа хөдөөгийн сургуулиудыг мөн ийм аргаар шийдэх, энэ ажилд зориулан улсын төсвөөс зохих мөнгө хөрөнгө зарцуулах хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа.
.
Ирэх онд иргэдийн газар өмчлөх эрх орон сууц өмчлөх эрхээр солигдоно
.
Дараагийн очсон газар нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо буюу Батлан хамгаалахын Их сургуулийн орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил байлаа. Энд барилга угсралтын “Баганат өргөө” компани цогцолбор хороолол барих гэнэ. Зураг төслийн ажил нь хийгдэн тухайн газрууд дээр оршин сууж байсан айлуудтай гэрээ байгуулан тэднийг нүүлгэжээ. Ингэхдээ тэд эхний ээлжинд 80 айлыг нүүлгэн шилжүүлж тэдгээр иргэдийг түр хугацаанд амьдрах түрээсийн байранд шилжүүлж эхэлсэн аж. Айлуудыг нүүлгэх ажлыг өнгөрөгч тавдугаар сарын 29-ны дотор шийдэж газар чөлөөлж талбайгаа бэлтгэн барилгын ажлаа зургадугаар сарын 10-ны өдөр эхлүүлжээ. 2014 оны 12 сарын 30-ны өдөр гэхэд барилга ашиглатанд орсноор иргэдийн газар өмчлөх эрх орон сууц өмчлөх эрхээр солигдох юм байна.
.
Төрөх эмнэлгийн барилгыг яаралтай дуусгахыг шаардав
.
“Буянт-Ухаа”-д өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэрээ УИХ-ын дарга орон сууцны хорооллын болоод замын ажлууд нэлээд шуурхай, чанартай, хугацаандаа хийгдэж буйг сайшаагаад харин энд шинээр баригдаж байгаа төрөх эмнэлгийн барилгын асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандав. Учир нь өнгөрсөн жил ашиглалтад орохоор төлөвлөгдсөн уг барилгыг өнөө хүртэл ашиглалтад оруулж чадаагүй байгаа аж. Тиймээс Эрүүл мэндийн яам уг эмнэлгийн барилгыг маш яаралтай дуусгаж, ашиглалтад оруулах нь зүйтэй гэдэг шаардлагыг тавив. Харин барилгын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээгүйгээс хойшлогдсон гэх шалтгааныг нийслэлээс шийдэж, шугамын ажлыг дуусгасан гэдгийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл хэлж байв.
.
Зам, барилгын ажлыг жилийн турш хийдэг болно
_
“Эрэл” компанийн хувьд бетумыг Баян-Эрхэтийн орд газраас авчирч, асфальт болгон үйлдвэрлэж байгаа аж. Мөн тус компанийн тоосгоны үйлдвэр нь шинэ технологиор үйлдвэрлэл явуулж байгаа нь ихээхэн дэвшилттэй, үр дүнтэй байгааг УИХ-ын дарга сайшаагаад бусад үйлдвэрлэгчдэд ч энэ технологийг нэвтрүүлэх, ийм стандартад нийцүүлэх нь зүйтэй юм хэмээн үзэж буйгаа хэллээ.
УИХ-ын даргад компанийнхаа үйлдвэрлэлийн үйл ажиллагааг танилцуулсан “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат зам, барилгын ажил түүхий эдийн онцлог чанар, горимоос шалтгаалж өвлийн улиралд бүрэн зогсдог байсан. Тэгвэл “Эрэл” компанийн хувьд хүйтний улиралд ашиглаж зам барьж болохуйц хүйтэн хольцийг гаргаж авч байгаа. Ингэснээр жилийн дөрвөн улиралд зам, барилгын ажлыг цаг хугацаа алдахгүй хийх болохтой болсон гэдгээ танилцуулсан.
.
Төрөөс санхүүгийн дэмжлэг зөв хүндээ үзүүлсэн гэв
.
Өнгөрөгч долоо хоногийн эхээр “Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй мэдээллийн үеэр хотын дарга Э.Бат-Үүл Буянт-Ухаа автозамын бүтээн байгуулалтын ажилд саад учруулсан Нисэхийн цагаан хаалгыг нураах тухай өгүүлсэн. Гэвч НИТХ-ээс нураахыг зөвшөөрөөгүй тул авто замыг Нисэхийн цагаан хаалганы урдуу болон хойгуур хоёр урсгалыг гаргахаар шийдвэрлэсэн байлаа. Гэхдээ энэ нь зам барилгын ажлыг муухай харагдуулаад байна хэмээн хотын дарга өгүүлсэн юм.
Ажлын хэсгийнхэн мөн “Премиум конкрит” ХХК-ний бетон зуурмагийн үйлдвэртэй танилцсан. Энэ үеэр тус компанийнхан үндэсний үйлдвэрлэгчдээ төрөөс дэмждэг бодлого баримтлахыг хүссэн. Учир нь Хятад, Солонгос хөрөнгө оруулалтай компаниуд бетон зуурмагаа өөрсдийнхөө үйлдвэрлэгчдээс л авах гээд байх юм хэмээн учирлаж байсан юм.
Нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явц байдалтай танилцсаныхаа эцэст УИХ-ын дарга З.Энхболд энэ жилээс эхлэн барилга барьж байгаа компаниуд болон барилгын материал үйлдвэрлэгчдэд төрөөс санхүүгийн ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Харин барилгын салбарт өгсөн дэмжлэг эзнээ олсон, бүтээн байгуулалт болж чадаж байгаа юм байна хэмээн үзэж буйгаа онцолсон юм.
П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ