Хөдөлгөөнд нэгдээрэй
Би ерөөсөө тэр намыг бол байгуулж барахгүй юм байна. Уг нь миний байгуулах гээд байгаа намын дэвшүүлж байгаа асуудлыг бол хүн бүр дэмжихийн. Жишээ нь, жинхэнэ буруутанд хариуцлага тооцох бодлого маань маш чухал. Саяхны захидлын шуугиан байна. Гадаад хүнийг гомдоосон захидлын утгыг хянаж сайддаа зөвлөөгүй дэргэдэх албан тушаалтнуудыг зүгээр орхиж болохгүй байсан. Орчуулагч нь ямар нөхөр байв гэдгийг мөн нийтэд хэлж хариуцлага тооцох ёстой. Тендер удаашраад байна гэнэ. Тендер зарлаад байхад санал материалаа ирүүлэхгүй байгаа тэр хойрго компаниудад хариуцлага ярих ёстой гэх мэт. Иймэрхүү улс төрийн чигтэй нарийн бодлогууд бол байна.
.
Цэцэрлэгт ороход маш хэцүү байна. Дээшээ 350 доошоо 150 мянгыг хаяж байж тэр цэцэрлэг гэдэг ариун ордны босгыг давуулж байна. Энэний оронд яг ийм байдалд орсон эцэг эхчүүдэд манай нам маш тодорхой хөтөлбөрийг санал болгож байгаа юм. Тэр “урамшуулалд” өгөх гээд байгаа мөнгөө нийлүүлээд манай намд хандивлачих.
Бид тэр мөнгөөр нь түрээсийн байранд хувийн цэцэрлэг байгуулаад асуудлыг шийдэх гэж байна. Бид бол ингээд шударга хэлээд яриад иргэдийн авилгалд өгөөд байгаа мөнгийг авч тэдний эрх ашгийн төлөө тэмцэж бодит юм хийх гээд байгаан. Дэмжиж байгаа хүн ч их байна.
Гэхдээ л нам гэхээр л худлаа даа чи, хэний салбар нам юм хэлчих гээд нөгөө 900 хүний гарын үсэг бүрдэхгүй байна. Харин хэд хэдэн иргэний хөдөлгөөн,ТББ бол байгуулж болж байна.
.
Гадуур зар гарсан байна. Иргэний хөдөлгөөний гоё нэр худалдаж авна гээд. Хуучин гоё нэртэй иргэний хөдөлгөөн байгуулаад одоо ордонд сууж байгаа гишүүд байна ш тээ.
Манай хөдөлгөөн бол хуучных шиг тэгж жагсаал цуглаанд мөнгөө үрэхгүй. Тодорхой зорилтод бүлэгт зориулсан, зорилтод санаа санаачилгаар ажиллана.
Байрны үнэ өсөөд байгааг ч бид шийднэ гэж байгаа. Энд орон сууцны үнэ нэг жилийн дараа хямдарна гэж албаны хүмүүс амлаад байхад яараад одоо авах гээд байгаа улсыг л түр хүлээх хэрэгтэй гэдгийг ойлгуулах нь чухал байгаа юм.
.
Яг яаж гэж үү, ерөөсөө жагсах бухимдах хэрэггүй. Сургалт бясалгалаар л шийднэ. Энэ хорвоод нүцгэн ирээд өдий болсон, гэхдээ бас нүцгэн буцна. Тийм болохоор ийм материаллаг шуналаа хаяж бурхан боломж хайрласан үед нь л түүнийг нь хүрт битгий яар. Ийм маягийн хүний дотоод руу хандсан, гэгээрүүлэх талын сургалт явуулах хэрэгтэй гэж.
.
Яг тэр банкин дээр байр авах гээд бөөнөөрөө шаваад байгаа орчимд нь л нэг аятайхан төвийг байгуулчих хэрэгтэй ш тээ. Тэндээс байр захиалахаа болиод иргэд мөнгөө хадгаламжинд хийгээд суучихаар тэр муу компаниуд тэнгэрийн үнэтэй байшингаа яах юм. Авилгалд өгье гэхэд одоо дарга нар нь авахгүй ш тээ. Бүгдээрээ Америк, Японд хаустай. Тийм болохоор бид зэрэг зэрэг яг одоо байр авна гэж чичрэхээ больчихвол байр аяндаа хямдрах юм.
Дарга нар байнга ярьж байна ирэх жилээс байр хямдарна гээд байгаа. Энэ сайхан цагийг хүлээх л хэрэгтэй. Бид ер нь хүлээж сурах хэрэгтэй байна.
.
Засгийн газар нөгөө хятадаас зөөдөг барилгын материалуудыг нь эндээ хийдэг болгох гээд бөөн мөнгө гаргаад, тэрнийх нь ид шид гарч хойтонгоос байрны үнэ хямдраад ирэх том ажил явагдаад байгаа гэсэн. Тэгэхэд заавал энэ жил яг одоо хамраа сөхчихсөн, метр квадратын үнийг дураараа нэмж хэлж байхад нь байр авья гэж барьцалдсанаас болоод одоо хар л даа. Хэдэн компанийн аманд унаад л. Хүлээж сурах хэрэгтэй.
Үүний дараа “Өөдрөг санаа” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлмээр байна. Юмыг өөдрөгөөр хармаар байна.
.
Доллар өслөө яанаа, дууслаа. Оюутолгой зогслоо хохь нь гээд л байх юм. Амьдрал үргэжилнэ ш тээ. Тэр муу ногоон өслөө өслөө гээд бид турж үхтлээ удах л байх. Өвөг дээдсийн буян өчнөөн мал сүрэг, сүү цагаа тариа ногоо байж л байна. Тэгж яривал малгүй, хоосон газартай хөрөнгөтөн оронд бол ажилгүй бол шууд л гудамжинд гарч өлсөж үхэх дээрээ тулдаг бол манай Монголд яаж ч ажилгүй байлаа гээд ямарч л байсан турж үхэхгүй. Ажил орлогогүйгээс болоод турж үхжээ гэсэн хар мэдээ би лав уншиж байгаагүй юм байна.
Хотод чихэлдсэндээ л ингэж бөөн юм болоод байгаа болохоос хөдөө талд бол доллар өслөө гээд хоногийнх нь хоолноос 1 кг мах ч хорогдохгүй ш тээ. Тээр жил энэ доллар чинь 1600 гараад л бөөн юм болсон. Монгол нэг балраад хоосроод байсныг санахгүй л юм байна. Одоо ингээд л шинэ жил болдгоороо болж цагаан сараар сайхан он гарлаа гээд маасайгаад байцгааж л байна ш тээ. Өөдрөг байцгаая л даа.
Тэр Оюутолгой яг зогсч харагдаач, тэгж байгаад л ам хэлээ олж хэдэн ногооноо аваад л ирнэ. Бид тэрийг нь нэг эргүүлээд хөл дээрээ босно ш тээ.
.
Бас нэг юм байна. Сурагчийн дүрэмт хувцас. Гоё дизайнтай хөөрхөн болсон байна ш тээ. Гоё чанартай юм үнэтэй л байж таарна. Улс нэг юм хийхээр л хямдхан байх ётой л гэхийн. Ингээд байхаар чинь цаадуул чинь хямдхан материалаар хулхидаж оёод нөгөө аргаа хэрэглээд эхэлнэ ш тээ. Тэгээд улсын юм хямдхан чанаргүй, нэг бол улсын зардлаар хийж байгаа л бол хэд нугалсан өртөгтэй байна гэж юу байхав.
.
Бүгдээрээ л хүүхдүүдийн өмнөөс хашгирч энэ тэнэг хувцас байна хайчилж хая, больё, үнэтэй байна, манайхаар оёулаагүй л бол “мяа” болж байгаан гээд л. Хүүхдүүдэд таалагдаж байвал яах юм. Та нар биш тэд л өмсөж дүгнэнэ шүү дээ. Дандаа яахаараа хүүхэд гээд л томчуулын заасан сонгосон хувцсыг өмсч байх ёстой гэж.
Хүүхдүүдээс асуух хэрэгтэй, тэд чинь тийм их мөнгөтэй холбоотой нарийн зүйл ойлгохгүй ч гэсэн өөрийн гэсэн мэдрэмж үнэлэлттэй. Тэгээд ч хүүхдүүд бидэн шиг юм бүхнийг халтар төгрөгийн зөрүүгээр харж явдаг харалчихсан хэсэг биш. Өөдрөг өнгөлөг юманд татагддаг хүүхдүүдийн үгийг сонсьё л доо.
.
Тарианы болц оройтох нь ургац хураалт хэцүүдэх нь гээд л ярих юм. Сэрэмжлүүлэг мэдээ бол ч яахав. Гэхдээ жил бүр л ингэж яриад л, яана яанаа гээд л байснаа 10 сард нь арвин их ургац авлаа гээд л бөөн баяр найр болдог биз дээ. Өөдрөг байцгаая.
.
Төгсгөлд хэлэхэд, дээр өгүүлсэн зорилгоор байгуулах энэ хөдөлгөөн бол миний “хувийн” хөдөлгөөн шүү. Ард маань улс төрийн нам, бизнесийн бүлэг байхгүй.
Өөрийгөө өөдрөг гэж бодож байгаа бол хэн ч гэсэн шууд л манай гишүүн шүү. Заавал биеэр ирж бүртгүүлэх гэх хэрэггүй.
Миний өөдрөг хөдөлгөөнд нэгдэж одоо яриад байгаа гутранги яриа, үзэл санааг өөдрөгөөр харж хэлэх санаа өгүүлбэр байвал дор сэтгэгдлээр баяжуулаарай.
.
Бид өлсөж үхэхгүй, харин сэтгэл гутралаар амархан явчихна.
.
Б.ШҮХЭРЧ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ