Гал гарах нөхцлийг “Нарантуул”-ын удирдлагууд бүрдүүлжээ
“Нарантуул” олон улсын худалдааны төв /ОУХТ/-д гал гарсантай холбоотойгоор Нийслэлийн Онцгой комисс хуралдлаа.
.
Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ч.Намсрайжав “Гал гарах үеэр бүх хувцас нь шатсан жижгэвтэр биетэй хүний цогцос олдсон. Одоогоор хэн болохыг нь тогтоохоор ажиллаж байна” гэлээ. Гал унтраахад Онцгой байдлын нийт 6 гал унтраах ангийн 125 албан хаагч ажиллаж байгаа. Мөн “Нарантуул” ОУХТ-д гарсан галын шалтгааныг тогтоохоор нийтдээ 187 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулжээ. Гал шөнө дундын үед гарч эхэлсэн бөгөөд одоо галыг бүрэн унтраасан гэлээ. Учир нь Нийслэлийн Онцгой байдлынханыг 6.30 цагт очиход гал гарсан объектын тал нь шатаж, дээвэр нь нурсан байдалтай байжээ.
.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2004 оноос эхлээд “Нарантуул” ОУХТ-д шалгалт хийж эхэлжээ. Энэ үеэс л Улсын комисс хүлээж аваагүй, галын дохиолол байхгүй гэх мэт олон зөрчил дутагдлыг илрүүлэн, улирдлагуудад нь удаа дараа шаардлага тавьж байсан байна. Мөн 3 удаа тус худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргаж байсан аж. Гэсэн хэдий ч олон хүний амь амьдрал, амьжиргаагаа залгуулдаг тус худалдааны төвийн удирдлагууд хэдэн галын хор үзүүлэн, тоомжиргүй хандсаар өдий хүрчээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн 6 дугаар сард хүртэл “Нарантуул”ОУХТ-д шалгалт хийхэд олон зөрчил дутагдал илэрч байжээ. Үүнийг ч бас тус худалдааны төвийн удирдлагууд үл тоосон байдал гаргажээ.
.
Д.Түвшинбат: Хохирлыг гэрээнийхээ хүрээнд шийднэ
.
“Нарантуул” ОУХТ ажиллахгүй байгаатай холбогдуулан маргааш Чингисийн талбай дээр хичээлийн хэрэгсэлийн үзэсгэлэн худалдааг гаргахаар болжээ. Ингээд Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны үеэр “Нарантуул” ОУХТ-ийн Ерөнхий менежер Д.Түвшинбатаас зарим зүйлийг тодрууллаа.
.
-Яг одоо “Нарантуул” ОУХТ-д ямар арга хэмжээ авч байна?
-Мэргэжлийн байгууллагуудын ажлаа хийх нөхцлийг бүрдүүлэх үүднээс өнөөдөр ямар ч байсан нийтэд нь ажиллуулахгүй байх шийдвэр гарлаа. Цаашид ажиллах эсэх нь Хотын захиргааны шийдвэртэй холбоотой. Одоогоор шатсан объектыг тусгаарлах арга хэмжээ авсан байгаа.
.
-Шатсан худалдааны төв хичнээн түрээслэгчтэй байсан бэ?
-300-гаад түрээслэгчтэй. Энэ түрээслэгч нарт хандаж хэлэхэд эхний ээлжинд тайван байх хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд ажиллаж, галын нөхцөл шалтгааныг тогтоох болно.
.
-Түрээслэгчид даатгалд хамрагдсан байсан уу?
-Бид түрээслэгчидтэй гэрээ байгуулахдаа даатгуулсан байхыг шаарддаг. Цаашдаа хохирлыг байгуулсан гэрээнийхээ хүрээнд шийдэх болно.
.
-Танайхыг галын дохиололгүй байснаас хугацаа их алдсан гэж яриад байна?
-Тийм зүйл байхгүй. Манайх гал гарсан даруйд нь дуудлага өгсөн. Өмнө нь галын зөрчил гарч байсан. Гэхдээ бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухай бүрт нь авч байсан.
.
-Шатсан объектыг улсын комисс хүлээж аваагүй гэлээ. Энэ талаар тодруулаач?
-Энэ объект 1999 онд ашиглалтад орсон. Тухайн үед нь Улсын комисс ирж ажиллаж байсан. Гэхдээ дүгнэлт гаргаагүй.
.
-Түрээслэгчдийн зүгээс та нарт одоогоор ямар хүсэлт тавьж байна?
-Дотогш ормоор байна гэсэн. Шатаагүй үлдсэн өөрсдийн бараа байвал авах хүсэлтэй байгаа юм шиг байна.
.
А.Энхжаргал
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ