
Английн Манчестер Юнайтед өчигдөр шөнө Мөрөөдлийн театртаа Португалийн Бенфикаг хүлээж авсан юм. Аваргуудын лигийн C хэсэгт учраа таарсан хоёр клубын тоглолт тэнцээгээр өндөрлөсөн юм.
2:2-харьцаагаар өндөрлөсөн энэ тэнцээ нь Бенфикагийн хувьд ялалт, Манчестер Юнайтедын хувьд хожигдол болсон юм. Хэдийгээр хоёр клуб хоёул 9 оноотой ч Бенфика хэсэгтээ тэргүүлэх боломжтой болж байна.
Энэ тоглолтод улаан чөтгөрүүд өөрсдийнхөө эсрэг тэмцэлдсэн гэж хэлж болно. Учир нь Ман Ю-гийн хамгаалагч Фил Жонес өөрийн хаалганд гоолдож, түүний алдааг Бербатов залруулан мөргөж гоолдсоноор тоо 1:1 болсон.
Хоёрдугаар үед Эврагийн дамжуулалтыг Даррен Флетчер чулуу болгосноор тооны харьцаа 2:1 болсон юм. Гэвч эцэст нь Давид Де Хеа Бенфикагийн тоглогчид бөмбөгөө “дамжуулж” гэнэтийн сөрөг довтолгоо өрнүүлэх боломжийг олгосноор тооны харьцаа 2:2 болсон юм.
Ийнхүү тоглолт тэнцээгээр өндөрлөсөн. Дараагийн тойрогт Манчестер Юнайтед Швейцарийн Бэзельтэй талбай дээр нь зочилж тоглоно. Энэ тоглолтод улаан чөтгөрүүд заавал хожих шаардлагатай ч өмнө нь мөн л Мөрөөдлийн театртаа хүлээж аваад 3:3-аар тэнцэж байлаа. Тиймээс Бэзель англичуудын хувьд амар хоол биш юм.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ