Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ

img

  1990 оноос хойш 2012 оны дунд үе гэхэд манай улсад дэлхийн 112 орны 12118 аж ахуйн нэгж бүртгэгдэж, 14 тэрбум ам.доллар орчим гадаад хөрөнгө оруулалт хийгджээ. Дийлэнх хэсэг нь буюу 74 хувь нь геологи, уул уурхайн салбарт хийгдсэн нь эдийн засгийн өрөөсгөл бүтцийг бий болгоход нөлөөлсөн. 2012 оноос хөрөнгө оруулалтын хэмжээ багасч эхэлсэн бөгөөд энэ оны эхний хагас жилд өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 42 гаруй хувиар буураад байна.   Үүнд дэлхийн эдийн засгийн байдал, дотоод дахь хууль, эрх зүйн шинэ зохицуулалт, зарим шинэчилсэн хуулийн зохицуулалт зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. Түүнчлэн 2010-2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдэхэд нөлөөлсөн Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын эхний үе шат дуусгавар болсон нь хөрөнгө оруулалтын өсөлтийн хэмжээ буурахад нөлөөлсөн. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байдлаар татах, эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг илүү сайжруулан хөнгөвчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төсөл нь хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, гадаад, дотоод гэж ялгаварлахгүйгээр хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг тодорхойлох, Монгол Улсад ашигтай төслийн татварын орчныг тогтворжуулах зарим хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, улмаар төрийн хүнд суртлыг бууруулж, бизнесийн орчныг сайжруулах ач холбогдолтой юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн Лаж:
Газар тариаланг эрхлэх, үүний дотор жимс жимсгэнэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө татах боломж нөхцлийг нээж татвар,гаалийн хураамжийг зөөллөж өгөх хэрэгтэй.Зээл тавьж олсон мөнгөө үр ашигтай томоохон зүйлд зориулсан нь дээр дээ.Гадаадын хөрөнгөөр үйлдвэрлэлээ өсгөх арга бодох хэрэгтэй байна.Ихэнх хөрөнгө оруулалт уул уурхайд орж эх дэлхийгээ сэглээд л байна. Тарьж ургуулах зүйлдээ бас гадаадын хөрөнгө оруулах нь зүйтэй бус уу.Гэхдээ мордохын хазгай гэж юм болдог шүү.Урьдаар газраа монгол иргэддээ өгөөд гадаадын хөрөнгө оруулагчдыг олон жилээр түрээслэх , эсвэл хамтрах хэлбэрээр ажиллах нөхцлийг л зөвшөөрөх хэрэгтэй.Жимс жимсгэнэ тариулах гээд бас газраа гадаадынханд худалдаад эхлэх бий дээ.Газар бол ямарч нөхцөлд монгол иргэнийх байхыг хуульчлах хэрэгтэй.
2013-08-24