Суурь тэтгэвэрт хамрагдагсдад шимтгэл төлөх хувь, хэмжээ нээлттэй үлдэнэ

img

Тэтгэврийн тогтолцоонд үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ нь тэтгэврийн олон давхаргат тогтолцооны хамгийн доод давхарга бөгөөд улсын төсвөөс санхүүжүүлэх тэтгэвэр юм. Нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхдээ суурь тэтгэвэр авах эрх үүссэн болон эрх үүсээгүй иргэдийн хооронд тэтгэврийн хэмжээний хувьд хэт их зөрүүтэй байдал үүсэхээс сэргийлэх, тэтгэврийн сангийн алдагдлыг нэмэгдүүлэхэд хамгийн ихээр нөлөөлдөг доод хэмжээний тэтгэврийн өсөлтийг хязгаарлах зорилгоор тэтгэврийн доод хэмжээний баталгааг тогтоож байгаа аргачлалд өөрчлөлт оруулахаар болжээ. Ингэснээр нэгдүгээрт, суурь тэтгэвэр авах эрх үүссэн болон эрх үүсээгүй /60 нас хүрээгүй тэтгэвэр авагч/ иргэдийн хооронд тэгш бус байдал үүсэхээс сэргийлэх, хоёрдугаарт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаатай тэтгэврийн өсөлтийг суурь тэтгэврээр саармагжуулж тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээг эрс нэмэгдүүлэхээс сэргийлэх давхар ач холбогдолтой байх аж. Олон улсын туршлагаас үзвэл нийгмийн суурь тэтгэврийг олгохдоо улс орон бүр өөрийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалд хамрагдаж байсан эсэхээс үл хамааран нас, иргэншлийн болон байнга оршин суусан хугацааг шалгуур болгох, нэг ижил хэмжээгээр, эсхүл ахмад настны өөрийнх нь авч буй тэтгэврийн хэмжээнээс хамааруулан ялгаатай тогтоох зэрэг аргуудыг хэрэглэдэг байна. Нийгмийн суурь тэтгэврийг 2012 онд тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээтэй хамт нэвтрүүлбэл ахмад настнууд болон бусад тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээнд ялгаа үүсэхгүй байх сайн талтай гэж төсөл санаачлагчид үзэж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, нийгмийн даатгалын тогтолцоог зөв болгохын тулд суурь тэтгэвэр гэхээсээ илүү суурь тэтгэврийн даатгалын тогтолцоог илүү бодолцох хэрэгтэй. Суурь тэтгэврийг олгосноор малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид , албан бус хөдөлмөр эрхлэгчид, сайн дурын даатгал төлөгчид нийгмийн даатгалын шимтгэл төлөхөө болино. Ингэснээр бүхэлдээ шимтгэлгүй даатгалын тогтолцоо руу гулсан орох асуудал гарах юм биш үү. Дараагийн Засгийн газарт зөв тогтолцоо бүрдүүлж өгөх хэрэгтэй гэсэн байр сууринаас хандлаа. НХХ-ийн сайд Т.Ганди, олон давхаргат тэтгэврийн тогтолцоо руу орох эхний суурь бол энэхүү суурь тэтгэврийн тогтолцоо юм. Ямар нэгэн байдлаар ажил эрхэлж байгаагүй, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан, нийгмийн даатгалын шимтгэл төлж явсан ч ажилласан жил нь хүрээгүйн улмаас тэтгэвэр тогтоолгож чадаагүй, тэтгэврийн эрх үүсээгүй ахмад настнуудад суурь тэтгэвэр авах эрх үүснэ. Мөн цэргийн тэтгэвэрийг эрт тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийн зөрүүний асуудлыг энэхүү суурь тэтгэврийн тогтолцоогоор зохицуулах боломжтой. Түүнчлэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус хөдөлмөр эрхлэгчид ч хамрагдах юм. Одоогоор тэтгэврийн доод хэмжээ 50-70 мянган төгрөг байна. Төрийн бодлогын түвшинд иргэдийн ирээдүйн баталгааг бий болгож өгөхийн тулд суурь тэтгэвэрийн тогтолцоог бий болгож байгаа. Суурь тэтгэврийн тогтолцоогоор нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэдийг өөгшүүлж байгаа бус харин суурь тэтгэвэрт хамрагдагсдад шимтгэл төлөх хувь , хэмжээ нээлттэй үлдэнэ гэсэн хариултыг өглөө. Мөн Байнгын хорооны хуралдааны бусад асуудлын хүрээнд “Нийслэлийн боловсролын салбарын өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх тулгамдсан асуудлууд”-ын талаар хийсэн БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын мэдээллийг сонсов. Тэрбээр мэдээлэлдээ, “2011-2012 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 206 сургууль, 308 цэцэрлэг, албан бус боловсролын Гэгээрэл хөгжлийн 8 төв үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургуульд 186, 704 сурагч, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 59,711 суралцагч суралцаж, 11,0 мянга гаруй багш сурган хүмүүжүүлэгч, 9,0 мянга гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна. 2011-2012 оны хичээлийн бага боловсролд 96096 хүүхэд суралцаж байна. Энэ нь өмнөх хичээлийн жилээс 486 суралцагчаар буурсан. 1 дүгээр ангид 18375 хүүхдийг элсэж, 6 настай хүүхдийн сургуульд хамрагдалт 99,3 хувьтай байна. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 111 сургуульд 134 барилга байгууламж ашиглагдаж байна. Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн байр 105600 сурагчийн суудлын хүчин чадалтай байна. Мөн олон жилийн ашиглалтын улмаас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан 18 сургуулийн барилга байгууламж байна. Эдгээр барилгуудаас 2011 онд БЗД-ийн 92, БГД-ийн 22, 70-р сургуулиудын барилгыг буулгаж шинээр сургуулийн барилга баригдаж эхэлсэн. Мөн газар хөдлөлтийн норм шаардлагыг хангахгүй байгаа 30 сургуулийн барилга байна гэсэн дүгнэлт гарсан байна. БСШУЯ, НЗДТГ хамтран нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн барилгын өнөөгийн байдалд үнэлгээ хийж, 2015 он хүртэл нийслэлийн боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтын чиглэл гаргасан. Сүүлийн 3 жилд нийслэлд сургуулийн барилга байгууламжийг барих ажил төлөвлөсөн хэмжээнд явагдаж байна. 2011 онд нийт 26 /сургуулийн 9, цэцэрлэгийн 12, Хабитатын сангийн төслөөр 4 цэцэрлэг, багшийн хөгжлийн ордон/ барилгыг ашиглалтанд хүлээн авна. 2009-2011 онуудад ерөнхий боловсролын сургуулиудад 4 спорт заалны барилга баригдсан. Одоогоор 4 сургуулийн спорт заалны барилга баригдаж байна. “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг байнгын хяналтандаа авч ажиллаж байна. “Үдийн цай” хөтөлбөрт хэрэглэгдэх бүтээгдэхүүнийг сургуулиуд, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан хангаж байна. Нийслэлийн төрийн өмчит болон төрийн бус өмчийн 206 ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт үнэлгээ хийсэн. Нийслэлийн төрийн өмчит 110 сургуулийн 97 сургуульд гал тогоо/цайны газар/ ажиллаж байна. Эдгээрээс 27 сургуулийн гал тогоо зориулалтын, 70 сургуулийн гал тогоо зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байна. Гал тогоогүй 14 сургууль байна. 2011-2012 оны хичээлийн жилд тус хөтөлбөрт 5,76 тэрбум төгрөг төсөвлөгдөж 96096 хүүхэд хамрагдаж байна. Нийслэлийн төрийн өмчит 174 цэцэрлэгт 178 барилга байгууламж ашиглагдаж байгаагаас 36 барилгад нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч, цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. 2005 оноос хойш цэцэрлэгийн барилгыг хувьчилсан асуудал гараагүй. Нийслэлийн цэцэрлэгүүдээс төвлөрсөн халаалтанд холбогдоогүй 36, цэвэр усны шугаманд холбогдоогүй 16, бохирын шугаманд холбогдоогүй 32 цэцэрлэг байна...” гээд,  цаашид авах арга хэмжээний талаар санал гаргасан бай. Тухайлбал, Улаанбаатарт шинээр баригдаж байгаа орон сууцны хороололд сургууль, цэцэрлэгийн барилгыг бариулах талаар тусгаж байх, Ашиглалтын хугацаа дууссан сургууль, цэцэрлэгүүдийн барилгыг буулгаж орчин үеийн шаардлагад нийцсэн барилга байгууламж шинээр барихад нэгдсэн бодлогоор хандах -Хүн ам олноороо төвлөрөн суурьшсан орон нутгийн онцлогийг харгалзан сургуулийн суудлын тоо, цэцэрлэгийн орны тоог одоогийн мөрдөж байгаа нормативаас 2-3 дахин нэмэгдүүлэх -Сургууль, цэцэрлэгийг менежментийн хувьчлалд шилжүүлж үйл ажиллагааг эхлүүлэх -Нийслэлд “100” цэцэрлэг хөтөлбөр хэрэгжүүлэх -Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг эхээс гаргуулах -Монгол Улсын Засгийн газрын 342 дугаар тогтоолоор тогтоосон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох бусад хувьсах зардлын хэмжээг 70-80 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна -Урсгал засварын зардал, эд хогшил авах зардал, нормын хувцас зөөлөн эдлэлийн зардал, бичиг хэрэг, шуудан холбооны зардал зэрэг 12 нэр төрлийн зардал төсөвт тусгагдаж буй хэмжээ нь маш бага, төсвийн энэ хүрэлцээгүй байдал нь эцэг эхийн зөвлөл, багш нар сурагчдаас анги засварын мөнгө хураадаг байдалд хүргэж байгааг анхаарах хэрэгтэй гэж үзэж буйгаа салбарын сайд танилцууллаа. Мэдээлэлтэй холбогуудан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Ор тас цэцэрлэггүй нийслэл, сум, дүүрэг, хороодод эхний ээлжинд анхаарал хандуулж, дорвитой хөрөнгө оруулалт хийх талаар судалгаа хийж, Байнгын хорооноос ажлын хэсэг гарган ажиллах нь зүйтэй гэж гишүүд үзлээ. Мөн хувийн хэвшлийн болон "гэр" цэцэрлэгийг дэмжих хэрэгтэйг хэлж байсан юм.. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгад цаашид ажиллах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарчихаад байхад үйл ажиллагаа явуулж байгаа хариуцлагыг хэн хүлээх ёстой талаар ч гишүүд хөндлөө. Өнөөдөр хэт өндөр төлбөртэй сургууль, цэцэрлэг олширч, ямар ч хараа хяналтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаад дүгнэлт хийж, цэгцлэх цаг болсон . 18 ам.долларын сургууль, 5 мянган ам.долларын цэцэрлэгүүд байна. Энэ их төлбөр шаардсан сургууль, цэцэрлэгүүд иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгаа гэдгийг гишүүд хэлж байв. Мөн сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалт, сургалтын орчин нөхцөлд анхаарч, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон цэцэрлэг, сургуулийн барилгыг нураан дахин шинээр барилга барих асуудалд төр анхаарал хандуулж уг асуудлыг  УИХ-ын тогтоолоор хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүд гаргав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

suuri tetgewriig demjij bnaa. yagaad gewel ardchilaliin niigemd orson tsagaas hoishhi uimeen samuun dund bsan heseg buleg humuus bii . 1975-odoo ue hurtel bnaa. hoolniihoo mungu oloh geed niigmiin daatgal tulduggui, ajillaj bgaa humuus zunduu bgaa.odoo eng 20 jiliin daraa tetgewergui suuh humuus zubduu bgaa hsuu. uls urdchilan harh gej bgaad talarhaj bnaa. company-d ochood ajlii geher niigmiin daatgal tululgui ajillawal ajil gedeg gazar zunduu.es tegwel ajild awahgui gedes shuudee. tegeheer ard tumen yaj bna ajillaij bnaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ard tumnee heden huwi ni tatwar, niigmiin daatgal tulj bgaag sudlaj yalgaag ni gargahiig husej bnaa
2011-11-23
Нийгмийн даатгал төлсөн төлөөгүй бүгд л адилхан тэтгэвэр авна гэсэн үг үү. Даатгал өндөр төлж байсан бол өсгөх үү? Хүмүүс ээ хэлж өгөөч?
2011-11-23