
Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын улсын байцаагч нар энэ сард өмнө нь явуулсан хяналт шалгалтын үр дүнг дээшлүүлэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Дорнод аймагт ажиллажээ. Тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ураны бус уурхайд хийсэн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд "Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК - ийн үнсэн сангийн үнсэн дэхь байгалийн цацраг идэвхт изотопуудын радиэквивалент идэвх 586,8-2044 Бк/кг буюу харьцангуй өндөр идэвхтэй байгаа аж. Иймээс орон сууц, нийтийн аж ахуй, үйлчилгээний барилгын материалд ашиглах боломжгүй гэж үзэн улсын байцаагчийн дүгнэлт гаргаж аймгийн мэргэжлийн хяналтын газар, тагнуулын ерөнхий газарт мэдэгдсэн байна.
Түүнчлэн "Эн Пи Ай" ХХК-ийн цацрагийн үүсгүүр хадгалах нөхцөлд аюулгүйн үнэлгээ, цацрагийн үүсгүүр ашиглах, хадгалах зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар урьдчилсан хяналт хийж, хууль эрх зүйн болон мэргэжлийн заавар зөвлөгөө өгсөн аж. Харин "Петрочайна дачин тамсаг монгол" ХХК нь улсын байцаагчийн албан шаардлагын заалтын биелэлтийг 80 хувь хангаж ажилласан байна.
Дашрамд дурдахад энэ оны 5 дугаар сард Цөмийн болон цацрагийн хяналтын газраас Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудийн нутагт геологи хайгуул каротажийн судалгаанд цацрагийн үүсгүүр ашиглаж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цацрагийн хяналт шалгалт хийсэн байна. Хяналтаар цацрагийн үүсгүүр ашиглахад тавих аюулгүйн шаардлагыг зөрчсөн, улсын байцаагчийн албан шаардлагын заалтуудын хэрэгжилтийг хангаагүй 3 байгууллага байсныг тогтоожээ. Эдгээр байгууллагуудад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн ноцтой зөрчил гаргасан 2 байгууллагад мөнгөн шийтгэвэр ноогдуулж, 2 байгууллагын үйл ажиллагааг зөрчлийг арилгуулах хүртэл түр хугацаагаар зогсоожээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ