“Эх орон-36” хөтөлбөрөөр өсвөр үеийнхэнд мэдлэг олгов
Хүүхдийн хүмүүжил гэдэг гэр бүл, сургууль, хүүхэдтэй ажилладаг бүх хүний хичээл зүтгэлээс шууд хамаардаг. Гэвч сүүлийн жилүүдэд хүүхдийн хүмүүжилтэй холбогдсон аливаа асуудал анхаарлын гадуур орхигдож, элдэв шүүмжлэл дагуулж буй.
Тэгвэл Засгийн газраас тодорхой хэмжээгээр багахан туслалцаа үзүүлэхэд л хүүхдүүдийн хүмүүжлийн төлөө ямар их зүйл хийж болдог гэдгийг харуулсан “Эх орон 36” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний өнгөрөгч баасан гаригт боллоо. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр баталсан билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч гуравдугаар сард УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачлагаар “Эх орон -36” хүүхэд хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг хөтөлбөрийг Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ дэмжин монголын хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэхэд туслалцаа үзүүлсэн байна.
“Эх орон-36” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр давхардсан тоогоор 2500 гаруй хүүхдэд насан туршид нь хэрэг болох 36 дадлыг сургаж чадсан гэдгийг хүүхдүүд сурсан мэдсэнээ тайлдагнах үеэр харагдаж байв. Тухайлбал, зайлшгүй тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, цэрэгжилтийн дадлага, гал сөнөөгчийн хурдан шалмаг мэдрэмж, хаданд авирах, ганцхан шүдэнзээр гал асаах, хамт олноороо аливаа асуудлыг зөв шийдэх, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрэх зэрэг хүний амьдралд хэрэгтэй мэдлэг туршлага, дадал зуршилаас суралцсан аж. Мөн хүүхдүүд сэтгэхүйгээ хөгжүүлэх, нууц дохио тэмдэгийг мэдэх, луужин, газрын зурагтай хамт ашиглаж , багаар ажиллаж сурах, ямар нэгэн бэрхшээлийг даван туулах, монгол орны засаг захиргааны нэгж, газар зүйн томоохон онцлогуудын талаарх мэдээлэл авах зэрэг олон зүйлийг сурч, мэдэж авчээ.
.
С.Одонтуяа: “Эх орон-36” хөтөлбөр хүүхдийг богино хугацаанд чадавхижуулна
.
Бидний санаачилсан “Эх орон-36” хөтөлбөр амжилттай өндөрлөж байгаад баяртай байна. Хүүхэд залуучууддаа өгч чадсан нэгэн том хөрөнгө оруулалт бол энэ. Үүнийг хэн ч булааж авч чадахгүй. Өөрөөр хэлбэл, сургалтад хамрагдсан хүүхдүүдийн насан туршид нь хэрэг болох асар том хөрөнгө оруулалт юм. Шинэчлэлийн Засгийн газраас хүний хөгжилд анхаарч, хүүхэд залуустаа анхаарлаа хандуулж байгаад уг төслийг санаачлагчийн хувьд маш их баяртай байгаа. Гэхдээ бүх асуудлыг улсын ачаанд нэмэх хүсэл алга.
Тиймээс цаашдаа хөтөлбөрөө бэлдчихээд хувийн компаниудад болон байгууллагуудад өөрсдийн хүүхдүүдэд төлбөртэйгөөр хэрэгжүүлэхийг санал болгох төлөвлөгөөтэй байгаа. Ер нь “Эх орон-36” хөтөлбөр бол миний хамгийн том мөрөөдөл байсан. Тиймээс мөрөөдөл минь өнөөдөр биелж байгаад үнэхээр их баяртай байна. Тиймээс цаашдаа уг хөтөлбөрийг улам чанартай болгоод илүү олон хүүхдийг хамруулах бодолтой байгаа. Өнөөдөр хараад сууж байхад хүүхэд өсвөр үеийнхнийг бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүй, нийгмийн болон оюун санааны хэрэгцээ, хүсэл сонирхлоо биелүүлж, хөгжиж, төлөвшихөд нь чиглэсэн 36 төрлийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх цогц үйл ажиллагааг богинохон хугацаанд маш сайн эзэмшүүлж чадсан байна ”гэлээ.
.
С.Эрдэнэ: “Эх орон-36” хөтөлбөр үндэсний хөтөлбөр болно
.
Хүүхэд залуусын хөгжлийн гол зүйл бол эх оронч үзэл, аливаа эрсдэлийг даван туулах чадвар, тэсвэр тэвчээр, хатуужил байдаг. Харамсалтай нь энэ бүхэн сүүлийн үед манай хүхдүүдэд маш их дутагдалтай байгаа. Өөрөөр хэлбэл, сүүлийн үеийн хүүхдүүд маань хэт их эрх, танхи байна. Түүнчлэн цахим орчинд хэт шунаж орчноос хэт тусгаарлагдсанаас болоод аливаа эрсдэлийг даван туулах чадвар сул дорой байдалтай хүүхдүүд өсч, том болж байна. Хүний үг даахаас эхлээд амьдралын наад захын энгийн зүйлийг мэдэхгүй болсон. Тиймээс томчууд бид хэт цахимжсан ертөнцөөс бодит амьдрал руу буулгах, энгийн эрсдэлийг даван туулах чадвартай болгох зэрэгт хүүхдүүдээ дасгах сургах үүрэгтэй.
Түүнчлэн хүүхдийн эх оронч төлөвшлийг бий болгохгүй бол эх орон, ард түмнээ хайрлах үнэ цэнийг мэдэх асуудал маш их дутагдалтай байгаа. Тиймээс энэ бүхэнд чиглэсэн сургалтуудыг зохион байгууллаа. Энэ жилийн хувьд С.Одонтуяа гишүүн бид хоёр “Эх орон-36” хөтөлбөрийг санаачлан туршилтын журмаар явуулсан. Үндсэндээ маш амжилттай боллоо. Энэ удаагийн хөтөлбөрт Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хүүхдүүдийг хамруулсан ирэх оноос үргэлжлэн хэрэгжүүлэхийг зорьж байна. Зөвхөн нийслэл төдийгүй 21 аймгаас мөн хүүхдүүдийг хамруулж үндэсний хэмжээний хөтөлбөр болгох зорилт тавьж ажиллаж байна” гэв.
.
Үнэхээр ч тус хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд сурсан мэдсэн зүйлээ багш нартаа тайлагнаж буйгаас харахад 36 цагийн дотор ямар олон зүйлийг сурсан, мэдсэн нь илт байсан юм. Энэ жилийн хувьд тухайн дүүрэг, хорооны Засаг даргын оролцоотойгоор аль болох амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг ихэвчлэн хамруулах бодлого барьж ажилласан гэнэ. Учир нь тэдгээр хүүхдүүдийн хувь амралт, сургалт, зусланд хамрагдах боломж бага байдаг. Тиймээс тус сургалтад хамрагдсан нийт 540 хүүхдээс 50 хувь нь амьжиргааны төвшин доогуур айлын хүүхдүүд хамрагдаж чадсан ажээ.
Төслийг санаачлагчид “Эх орон-36” хөтөлбөрийг цаашдаа үндэсний хэмжээний хөтөлбөр болгож, ХАХНХЯ-ны санаачлагаар БХЯ, БШУЯ-тай улс орон даяар жил бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Ингэхдээ алслагдсан аймгуудын хувьд тухайн орон нутагт нь үйл ажиллагаагаа явуулдаг хүүхдийн зуслан болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулах аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ