Гол гэрчийг үгүйсгэв

img

Хятадын улстөрч Бо Шилайн өөрийнх нь эсрэг гол мэдүүлэг өгсөн гэрч Ван Лижюны буюу Чунцин хотын цагдаагийн газрын даргын хэлсэн үгийг эрс үгүйсгэв. Бо Шилайныг шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэрбээр Ван Лижюны хэлсэн үгийг худал, хуурмаг, энэ хүн бол хууран мэхлэх зантай хүн гэж хэлжээ.

Шаньдунд болж байгаа шүүх хурлыг Хятад даяар төдийгүй дэлхий нийт анхааралтай харж байгаа юм. Учир нь Бо Шилай Хятадын Коммунист намын Төв хорооны Улстөрийн товчооны гишүүн, гялалзсан карьер, өндөр амжилт амьдралдаа гаргасан нэгэн байв.

Ажиглагчид түүнд ял өгөх нь тодорхой гэж байгаа ч хэрхэн өөрийгөө өмгөөлж байгааг үгүйсгэх аргагүй “амжилт” гэж бичиж байна.

Түүнийг буруутгах үйл явдлын гол нь Британийн  иргэн, бизнесмэн Нил Хейвудтай нягт холбогдож байгаа юм. Түүний амийг хороох хэргийг зохион байгуулсан гэж шүүхээс Богийн эхнэр Гу Кайлайг буруутгаж цаазаар авах ял ногдуулсан ч нөхрийнх нь хэргээс болж гүйцэтгэх ажлыг хойшлуулаад байв. Чунцин хотын цагдаагийн газрын дарга мэдүүлэгтээ Бо Шилай Хейвудын үхэлд эхнэрийг нь буруутгахад өөрийг нь цохиж авсан гэж ярьжээ. Харин Бо Шилай би түүнийг зүгээр л алгадсан цохиж аваагүй. Энэ хүн гэрч болж чадахгүй. Шүүхэд худлаа мэдүүлэг өгч байна гэжээ. Дашрамд дурдахад, дээрх  хэрэг болсны дараа Чунцины  цагдаагийн дарга Британийн консулд хандан орогнох хүсэлт тавьснаар болсон явдал дэлхий нийтэд танил болсон юм. Цагдаагийн газрын даргад албан тушаалаа хэтрүүлэн ашигласаных нь төлөө  15 жилийн хорих ял өгсөн юм. Эхнэр Гу Кайлай мөн л нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн ч Бо Шилай түүнийг сэтгэцийн өвчтэй гэж хэлж байв. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ