Шатаагүй бараа, эд зүйлийг түрээслэгчдэд хүлээлгэж өгнө
Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага,Зарлан мэдээлэх төвд энэ сарын 23-ны өглөөний 06:22 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлалтай “Нарантуул” олон улсын худалдааны төвийн “Хүнсний зах”-д гал гарлаа гэсэн дуудлага анх ирсэн.
Дуудлага авсны дагуу Аврах гал унтраах нийт зургаан ангийн 141 албан хаагч, 24 машин техник хэрэгсэлтэй таван цаг гаруй шуурхай ажилласны үр дүнд галыг бүрэн унтрааж, барилгын орчмын чингэлэгүүд, газар доорхи давхрын агуулах дахь бараа, эд зүйлийг авран хамгаалж чадсан билээ.
Одоогийн байдлаар гал түймрийн шалгаан нөхцлийг тогтоох зорилгоор мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд, Нийслэлийн Онцгой байдлын газраас галын шинжээч, гал түймрийн улсын хяналтын байцаагчид багтан хэргийн газарт үзлэг хийн ажиллаж байна.
Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва “Нарантуул” олон улсын худалдааны төвд гарсан гал түймрийн хор уршигтай газар дээр нь биечлэн танилцаж, түрээслэгчдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонссон.
Мөн Шадар сайд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан эл гал түймэртэй холбогдуулан сэргээн босгох, хор уршгийг арилгах арга хэмжээг өөрсдийн эрх үүргийн хүрээнд яаралтай авч хэрэгжүүлэн үр дүнг Улсын онцгой комиссд илтгэхийг үүрэг болгосон.
Үүний дагуу Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, шатсан барилгыг тусгаарлах, шинжээчдийн багийг ажлаа дуусгасны дараа шатаагүй бараа, эд зүйлийг гаргах шат дараатай арга хэмжээ авах шийдвэрийг гаргалаа.
Цаашид Нийслэлийн Онцгой байдлын газарт үйл ажиллагааг удирдан явуулах үүргийг ОБЕГ-аас өгснөөр хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тус захад гарсан гал түймэртэй холбоотой дараах үйл ажиллагааг явуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд ЦЕГ-ын ажлын хэсгээс ирүүлэх гал түймрийн шалтгаан тогтоох шинжээчтомилох тогтоолын дагуу шинжээчийг томилон ажиллуулж, шинжээчийн дүгнэлтийг гарган ажлын хэсэгт хүргүүлэх, Гамшиг судлалын хүрээлэнтэй хамтран гал түймрийн хэргийн газраас хураан авсан дээжид шаардлагатай нэмэлт шинжилгээ хийх, хэргийн нөхцөл байдлыг тодруулахад хэрэгтэй судалгааг явуулах, зөрчлийг шалгаж дууссаны дараа, учирсан хохирол, шалтгаан нөхцлийг тодорхойлсон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн “Гал түймэр гарсан тухай акт”-ыг үйлдэн холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ