Мэргэжлийн болон давтан сургалтыг үнэ төлбөргүй явуулж байна

img

Нийслэлийн хөдөлмөрийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд мэргэжлийн болон давтан сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа бөгөөд санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргаж байгаа юм.

Тус хөтөлбөр нь иргэнд сургалтын тодорхой хэлбэрүүдээр богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, тэднийг хөгжүүлэх зорилготой. Сургалтад ажилгүй, ажилгүйдэлд өртөж болзошгүй, ажил олоход хүндрэлтэй иргэн болон сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхэд гэсэн хүрээг хамрах юм байна.

Мэргэжлийн болон давтан сургалтыг барилга, уул уурхай болон үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн нийт 75 байгууллага явуулж байгаа. Эдгээр нь энэ онд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зохион байгуулсан мэргэжлийн сургалт явуулах эрх авах тендерт оролцож сургалт явуулах эрхээ авсан юм.

Сургалт 7-45 хоногийн хугацаанд үргэлжилдэг. “Өнөөдрийн байдлаар мэргэжлийн болон давтан сургалтад 1965 иргэн хамрагдсанаас үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлийн 44 мэргэжлээр 1560 хүн, барилга, уул уурхайн чиглэлийн 27 мэргэжлээр 405 хүн суралцаж төгссөн. Тэдний 1163 иргэн дээрх гурван салбарт мэргэжлийн дагуу ажлын байранд зуучлагдан ажиллаж байна” гэж албаны хүн хэллээ.

Нийслэлийн Хөдөлмөрийн газар сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ өгч ажиллаж байгаа юм.

Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэн оршин суугаа хорооны Засаг даргын цохолттой өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, тухайн дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй гэрээ байгуулсан мэдэгдэл гэх материалыг бүрдүүлэх хэрэгтэй. Үүний дараа нийслэлийн Хөдөлмөрийн газраас суралцах байгууллагаа сонгож, суралцах эрхийн бичгээ өөрийн биеэр ирж авснаар сургалтад хамрагдах боломжтой болох аж.

.

Б.Будхүү  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ