Ерөнхий сайд шинэ дүрэмт хувцсыг онцлов
Төрийн ордны А танхимд өнөөдөр 15.00 цагт “Бүтээн байгуулалтын цаг” ээлжит уулзалт боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ удаагийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг онцлон ярилцав.
ө
Улсын хэмжээнд нийт 550 мянга орчим сурагч ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бөгөөд тэдгээрээс 350 мянга орчим нь шинэ дүрэмт хувцас захиалсан аж. Үндэсний шилдэг дизайнеруудын ур хийцээр, дотоодын түүхий эдээр чанарын өндөр түвшинд хүрсэн дүрэмт хувцас оёход долоон компани толгойлон, 100 гаруй үйлдвэр туслан гүйцэтгэгчээр оролцож, 1300 гаруй оёдолчин ур ухаанаа шингээн урлаж байгаа юм байна. Одоогоор бага ангийн сурагчдын дүрэмт хувцас эзэддээ очиход бэлэн болоод байгаа ба нэгдүгээр ангийн сурагчийн дүрэмт хувцасны дээжийг 21 дунд сургуулийн захирлуудад гардуулан өгөх ёслол болсон.
.
Нэг талаас дотоодын үйлдвэрлэгчдээ, нөгөө талаас иргэдийнхээ аюулгүй хэрэглээг дэмжсэн энэ ажлыг Засгийн газраас зээлээр олгосон 23 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй. Гэхдээ дүрэмт хувцас борлуулсан орлогоос буцаан төвлөрүүлэх тул Бондын хөрөнгийг дүрэмт хувцсанд зарцууллаа гэж бухимдах шаардлагагүй гэдгийг Ерөнхий сайд сануулсан.
5
Удаах мэдээллийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өгч, хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн үр дүнгээс танилцууллаа. 2015 оны төгсгөл гэхэд 150 мянган ажлын байр бий болгосон байхын тулд найман чиглэлд дорвитой ажлууд хийж байна. Оны эхний долоон сарын байдлаар 30 мянган ажлын байр нэмэгдэж, гадаадаас авах ажиллах хүчний тоог 22 мянгаас 18 мянгад хүртэл, гадагшаа гардаг дотоодын ажиллах хүчний тоог 45 хувь бууруулж чадсан. Мөн үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтаар өмнөх жилүүдээс хоёр дахин олон буюу 6900 хүн сургаж төгсгөсөн гэлээ.
.
Эрчим хүчний салбарт өнгөрөгч долоо хоног түүхэн хугацаа байсныг М.Сономпил сайд тодотголоо. Амгалан ДЦС-ын ажлыг эхлүүлсэн, 5-р цахилгаан станцын сүүлчийн сонгон шалгаруулалтыг явуулсан зэрэг нь энэ салбарт тулгамдсан олон асуудлыг шийдэх томоохон ажлууд гараанаас хөдөлж байна гэв.
э
Зам тээврийн сайд А.Гансүх сайд “Энэ жил нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох зургаан аймгийн эхнийх болох Баянхонгорын замыг маргааш хүлээлгэн өгнө. Бусад аймаг дахь удаашраад байсан замуудыг гүйцэтгэгчдэд шинээр хуваарилсан, төлөвлөгөөт хугацаандаа шахаж дуусгана” гэлээ.
э
Харин "Гудамж" төслийнхний хувьд гүйцэтгэгч компанийн хүчин чадлаас шалтгаалан ажлаа төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэж өгч чадсангүй гэсэн тайлбар тавьсан. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт таван уулзвар ашиглалтад орно гэж мэдэгдсэн атал Дархан-Минжийн уулзвар л ашиглалтад орсон. Бусад уулзварууд хугацаандаа ашиглалтад орсонгүй, цаг хугацаагаа зөв тооцож, иргэдэд чирэгдэл учруулахгүй ажиллах ёстой атал, элдэв тайлбар тавьж суух нь буруу хэмээн Ерөнхий сайдаас зэмлэсэн.
э
ҮХАА-н дэд сайд Ц.Туваан “Ургац хураалтын тухайд, энэ жил улсын хэмжээний гурилын хэрэгцээнд 328 мянган тонн улаанбуудай шаардагдах ба үүнийг дотоодоосоо бүрэн хангана” гэж мэдээлснээр өнөөдрийн “Бүтээн байгуулалтын цаг” өндөрлөлөө.
э
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ