Элчин сайдын яамныхан эх орноо сурталчилав
ХБНГУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас "Нээлттэй хаалганы өдөр" арга хэмжээ зохион байгуулж, тус улсад суугаа Монголын ЭСЯ, МИАТ компанийн Берлин хот дахь салбар оролцож, өөрсдийн явуулж буй үйл ажиллагааг сурталчилжээ.
.
Нээлттэй хаалганы өдөрт 53 улсын ЭСЯ-ны ажилтан, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид болон 3000 гаруй зочид хүрэлцэн ирсэн аж. Энэ үеэр монголын соёл урлаг, ард түмний ахуй амьдрал, Монгол Улсын хөгжил, ололт амжилтуудыг харуулсан гэрэл зураг, баримтат кино үзүүлж, хэвлэмэл танилцуулга болон бусад сурталчилгааны материал тараасан байна. Мөн энэ үеэр Монголыг сурталчилсан асарт Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны ТНБД Х.Ю.Бээрфелтц зочлон ирж, нээлттэй хаалганы өдөрт оролцож байгаа Монгол Улсын ЭСЯ-нд талархалаа илэрхийлжээ.
.
Дашрамд дуулгахад, энэ оны тавдугаар сард Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Г.Копп Монголд айлчилсан. Айлчлалын үеэр Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам хамтран "Ашигт малтмал, технологийн дээд сургуулийг монголд байгуулах санамж бичиг"-т гарын үсэг зурсан юм. Тус дээд сургууль нь 2013-2014 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа нээхээр төлөвлөсөн байна. Тус сургууль нээгдсэнээр монголын дээд боловсролын салбарт загвар жишиг болж, Европын стандартад нийцсэн, ажил олгогч, төрийн байгууллага болон хувийн хэвшил, бусад түншүүдийн оролцоог хангасан, төрийн өмчийн дээд боловсролын байгууллага болох юм байна.
н
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ