Галзуу хулганаар зорчиход 400 төгрөг
Нийтийн тээвэрт насаараа жолооч хийсэн нутгийн ах минь нэг удаа "Миний атгаж байгаа жолооны хүрд хаашаа эргэхээс миний болон зорчигчдын минь амь нас, эрүүл мэнд шууд хамаардаг. Тийм болохоор ах нь 30 шахам жил жолоо мушгиж, ард түмэндээ үйлчлэхдээ өдөр бүр хурдаа хэтрүүлэлгүй, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцдог. Одооны залуус жолоо мушгихийг зугаа гэж боддог бололтой. Нийтийн тээврийн жолооч нар бүр ч сэтгэл өвдмөөр байх юм. Зорчигчдын амь нас эрүүл мэндийг хариуцаж яваа гэдгээ мэддэггүй юм уу, аль эсвэл зааж зөвлөх хүн байдаггүй юм уу” гэж халаглаж байсныг санаж байна. Үнэхээр нийтийн тээвэр гэдэг нийслэл хотын өнгө төрхийг тодорхойлж, иргэдэд үйлчилгээ үзүүлэх байгууллага. Гэтэл нийтийн тээврийн жолооч нар орлогын төлөө ажиллаж, түүгээр цалинждаг буруу тогтолцооноос болж, өөрийн болон өрөөлийн амь насыг эрсдэлд учруулах болсон. Нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр зорчдог болсоноор зорьсон газартаа хурдан хүрэх нь харьцангуй нэмэгдсэн. Гэвч дотор нь сууж явахад хүрэх газар минь болж байгаа болов уу, хурдан буух юмсан. Ямар аймаар хөдөлгөөнд оролцдог юм бэ гэж бухимдах үе ч тохиолддог. Тэсэлгүй заримдаа жолоочид аятайхан явахыг сануулахад элдэв хэл амаар доромжлуулж, олны өмнө нүүрээ улайлгаж, гэм хийсэн мэт хялалзуулах ч үе тохиодог. Тэгвэл өчигдөр хотын захын замд нийтийн тээврийн хоёр автобус зорчигчоо булаалдан уралдаж байгаа бичлэгийг уншигч таньд харуулж байна. Орлого чухал байж болох ч амь наснаас илүү байна гэж үү.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ