"Нарантуул"-ын хэрэгт холбогдуулан 7 хүнийг цагдан хорьжээ
"Нарантуул" худалдааны төвийн хүнсний захад өнгөрсөн баасан гаригт гал гарч түрээслэгчдийн хүнсний бараа бусад бараа материал шатсан. Мөн энэ үеэр 53 настай О гэгч эмэгтэй шатаж амиа алдсан. Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн Цагдаагийн I дүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Ганбаатар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хяналтын прокурор Л.Батгэрэл, Н.Дамдинсүрэн нар хяналт тавин ажиллаж байна.
Одоогийн байдлаар энэ хэрэгт холбогдуулан долоон хүнийг сэжигтнээр тооцон цагдан хорьж, 16 хүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон байцаалт авч, гал гарч байсныг харсан болон захын удирдлага менежер, зохион байгуулагч, ажилчид зэрэг гэрчүүдийг байцаах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Түүнчлэн хэргийн газрын үзлэг дуусаагүй байгаа бөгөөд шатсан барилгын нурсан дээвэр хуулалтын ажиллагаа явагдаж байна. Мөн агуулахад байгаа бараанд үзлэг хийж байгаа аж. Галд хамрагдсан обьектийн талбайн хэмжээ том, агуулахад хохирогч нарын маш их хэмжээний бараа байгаа бөгөөд тэрийг тоолох, хохирлыг тогтоох ажлыг хийж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ