Д.Пүрэвдаваа: Шатсан захад гурван удаа шинжилгээ хийгээд байна

img

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад өнгөрсөн баасан гарагт гал гарсны улмаас 300 гаруй түрээслэгчид эд хөрөнгө, бараа материалаараа хохироод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гарган Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, шүүх шинжилгээний байгууллага, замын цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг уг газар ажиллаж, 27-ны 19.00 цагт буусан билээ. Ингээд уг асуудалтай холбоотойгоор гарч буй мэдээллүүд, одоогийн нөхцөл байдлын талаар ажлын хэсгийн ахлагч, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаас  цөөн асуултад хариулт авлаа.

.

-Нарантуул худалдааны төвийн хүнсний захад гал гарч олон хүн хохирлоо. Одоо нөхцөл байдал ямар байна вэ. Ажлын хэсгийнхэн дөрвөн хоног амралтгүй ажиллах шиг боллоо?

-Тус хүнсний захад гарсан гал гарсантай холбоотойгоор  Нийслэлийн Онцгой комиссын дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн захирамж гаргасан. Энэ захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан дөрвөн хоног тухайн бүсд ажиллалаа. Бид эхний ээлжинд обьектыг аюулгүйн бүс болгох үүднээс гаднаас хүн нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч ажилласан. Обьектын хувьд нэлээн өндөр температурт шатсан учраас хөртөл нь хүлээх шаардлагатай болдог юм байна. Үүний дараа шинжээчдийн баг, цагдаа, мэргэжлийн хяналтынхан орж ажиллах нөхцөлөөр хангах зэрэг үйл ажиллагаанууд явагдлаа. Мөн түрээслэгчдийг хэсэгчлэн оруулах, тэдэнтэй уулзаж мэдээллээр хангах ажлууд хийгдсэн байгаа.

 .

-Одоо хамгаалалт, шатсан бараа, бүтээгдэхүүнд хийх шинжээчдийн хойшлуулашгүй ажиллагаа дуусч байх шиг байна?

-Хэргийн газрын үзлэг хийж байгаа ажилтнуудын нэг, хоёр давхарт хийх ажил үндсэндээ дууссан байна. Харин яг одоо их хэмжээний бараа бүтээгдэхүүн хадгалагдаж байсан зоорийн давхар буюу гал харьцангуй бага нэвчсэн талбайд ажиллаж байна.

.

-Тодруулбал?

-Прокурор, цагдаа, мэргэжлийн хяналтын газрын ажлын хэсэг зоорийн давхарт ажиллаж, галд өртөөгүй бараа, бүтээгдэхүүнийг гаргаж, бүртгэж, эздэд нь таниулах, дүгнэлт гаргах ажиллагаа хийгдэж байна. Ингэсний дараа үргэлжлүүлээд тэдгээр барааг ялгаж, хэрэглэж болох зүйлсийг эзэнд нь хүлээлгэн өгөх, болохгүйг нь устгах, зарим зүйлийг нь шинжилгээнд өгөх ажиллагаа хийгдэх юм байна.

 .

-Хохирлын хэмжээг тогтоох ажил эхэлсэн үү?

- Хохирогчдоос мэдүүлэг авах ажиллагааг Улсын мөрдөн байцаах газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт явуулж эхэлсэн. Цагдаа, онцгой байдлын алба хаагчид амралтгүй ажиллаж байна. Галын голомт дээр ойролцоогоор 140 орчим мөрдөн байцаагч хэрэг гарсан өдрөөс хойш гурван удаагийн шинжилгээ хийгээд байна. Шаардлага гарвал дөрөв, таван ч удаа хийж магадгүй. Гал унтраах үеэр обьектод их хэмжээний ус орсон байгаа. Ийм нөхцөлд ажиллаж байгаа учраас хохирогчдийн бараа материалыг олгох, цаашлаад хохирлыг нь тогтооход цаг хугацаа шаардлагатай байгаа. Энэ бүгдэд цагдаа, прокурор хяналт тавьж баримтжуулан ажиллаж байна. Мэргэжлийн байгуулагууд дүгнэлтээ гаргахаар иргэдэд мэдээлэх байх.

.

- Шатсан худалдааны төвөөс цагдаагийн албан хаагчид 40 мянган ам.доллар, зургаа орчим сая төгрөг бэлнээр олсон гэх мэдээллийг та хэвлэлүүдэд өгсөн байсан. Ер нь ашиглагдах боломжтой мөнгөн дэвсгэрт, бараа бүтээгдэхүүн хэр их байх шиг байна?

-Шатсан байгууламж дотор банк, санхүүгийн байгууллага, ломбард, АТМ зэрэг үнэт зүйл бүхий зүйл хадгалах үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд байсан. Савны битүүмжлэлийн байдлаасаа болоод мөнгөн тэмдэгт эсвэл бараа бүтээгдэхүүн, мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйл гарах тохиолдол байгаа.  Сайн сейфтэйгээсээ шалтгаалаад мөнгө нь бүрэн бүтэн үлдсэн байхад шатсан тохиолдлууд ч байна. Жишээ нь АТМ-нд байсан мөнгө нь шатсан байдаг юм билээ. Энэ бүхэн дээр мөрдөн байцаах ажиллагаа явагдаад, баримтжуулагдаж байна. Эргээд энэ нь нөхөн олговор олгох эд мөрийн баримт болох боломжтой.  40 мянган ам.доллар нь шатсан байдалтай, зургаан сая төгрөг бэлнээр олдсон талаар хэргийн газар ажиллаж байгаа цагдаагийн ажлын хэсгээс мэдэгдсэн.

 .

- Нурангиас гурван хүний цогцос олдсон гэх мэдээлэл байгаа?

-Ташаа мэдээлэл. Гал гарсан хүнсний худалдааны төвд хийсэн эхний өдрийн үзлэгээр нэг хүний цогцос олдсон. Талийгаачийг уг хүнсний төвийн үйлчлэгчээр ажиллаж байсан байж магадгүй гэж үзэн үргэлжлүүлэн шалгаж байгаа гэдэг мэдээлэл байна.

.

-Хохирсон түрээслэгчид даатгалтай ч хохирлоо бүрэн барагдуулж авч чадахгүй нь гэсэн бухимдалтай байгаа бололтой?

-Энэ бол хувийн байгууллага иргэн хоёрын хооронд үүссэн харилцаа шүү дээ. Төрийн байгууллага энд ямар үүрэгтэй вэ гэхээр онцгой нөхцөл байдалд маш богино хугацаанд зохион байгуулалттай ажиллах ёстой. Цаашид холбогдох дүгнэлтүүд гарсны үндсэн дээр хууль хүчний байгууллага энэ асуудлыг  шийдэх ёстой. Түүнээс биш ажлын хэсэг хохирлын хэмжээг тогтоож, барагдуулах үүрэг бүхий байгууллага биш.

.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ