О.Магнай: Таксины үнэ нэмнэ гэдэг бол чанар сайжирна гэсэн үг
Таксины км-ын үнэ нэмэгдэх болсон талаар ШӨХТГ, Нийслэлийн тээврийн газар хамтран мэдээлэл хийлээ. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн таксины үнэ эхний км-т 1500 төгрөг дараагийн км-ээс 1000 төгрөгөөр тооцохоор болсон тухай мэдээлсэн юм. Учир нь такси компанийн үйлчилгээний эрхэлдэг 16 аж ахуйн нэгжээс
эдийн засгийн чадавхиа алдсан учраас бааз сууриа бэхжүүлэх шаардлагатай болсон учир үнэ нэмэх саналыг ШӨХТГ-т хүргүүлсэн байна. Харин ШӨХТГ-ынхан тэдний саналыг үндэслэлтэй хэмээн үзэж байгаа аж.
Үнээ нэмснээр компаниудыг стандартын шаардлага хангасан үйлчилгээг үзүүлэх, хувийн такси үйлчилгээнээс ялгарах тэмдэг тэмдэглэгээтэй байхыг шаардаж байгаа бөгөөд ингэснээр хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг “шахах” гэнэ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ “Өнөөдрийн авч хэрэгжүүлж буй энэ алхам иргэдэд таалагдахгүй нь мэдээж. Өнөөдрийн авч буй арга хэмжээ бол такси үйлчилгээ сайжруулах томоохон алхам болно. Тиймээс энэ асуудалд Замын цагдаагийн газартай хамтран ажиллах болно, хяналтыг хэрхэн хийх, ямар арга хэмжээ авахыг харж байгаарай. Ашиг орлого олж буй бүхэн татвар төлөх ёстой. Гэтэл хувиараа таксинд явдаг иргэд татвар төлдөггүй. Тиймээс хэрэв иргэд такси үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгаа бол ямар нэг такси үйлчилгээ үзүүлдэг компанид бүртгүүлэн ажиллах боломжтой. Хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг иргэд такси компанид бүртгүүлэн ажиллахад гэрээ байгуулан татвар төлөх, таних тэмдэг наах, 10-аас дотогш жил ашигласан зөв талдаа рультэй автомашинтай байх зэрэг шаардлага тавих болно. Өнөөдрөөс 30 хоногийн хугацаанд бүх такси компаниуд ижил таних тэмдэг, тоолууртай болно. Ингэснээр таксины үнэ км тутамдаа 1000 төгрөг болно” хэмээн хэлэв.
Түүнчлэн, тэрбээр “Таксины үнэ нэмнэ гэдэг бол чанар сайжирна гэсэн үг. Такси үйлчилгээг аварч үлдье гэвэл үнэ нэмэхээс өөр боломжгүй. Үүнтэй холбоотойгоор хүссэн газраасаа такси барьдаг явдал үгүй болно. Энхтайваны өргөн чөлөө буюу нийтийн тээврийн нэгдүгээр эгнээнээс такси барих оролдлого хийхгүй байхыг иргэд анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ