Тариалангийн бүс нутгуудад нойтон цас орж болзошгүй

.
Хэдийгээр бид энэ жил урд жилүүдээс илүү хэмжээний ургац хураан авах ч Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээлж буйгаар 9 дүгээр сард газар тариалангийн бүс нутгуудад олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орох төлөвтэй байгаа аж. Өчигдрөөс эхлэн 3 хоногийн турш тариалангийн бүс нутгуудаар бороо их хэмжээгээр орох төлөв ажиглагджээ. Харин 9 дүгээр сарын эхний 4 хоногт цаг агаар тогтвортой байх аж. Энэ өдрүүдэд ургац хураалтын ажлыг эхлүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна. Ингээд 5-7-ны хооронд орох хур тунадас хөрсөн дээр цочир хүйтрэлийг өгөх тул тариаланчид ургацаа хяруу, цочир хүйтрэлээс хамгаалах бэлтгэлтэй байхыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар/ГТБХЗГ/-аас анхааруулав. Түүнчлэн ирэх сарын дунд болон сүүлийн 10 хоногуудад ахиу хэмжээний хур тунадас орох төлөвтэй байгаа аж. Ялангуяа ирэх сарын сүүлийн 10 хоногт орох хур тунадас нойтон цастай байж мэдэхээр байгаа тухайн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ ирүүлжээ.
“2009 оны 9 дүгээр сарын 17,18-нд тариалангийн төв бүс нутгуудад 15-20 см цас орж, тариаланчид ургацаа цасанд даруулж байсан. Мөн 2011 онд Дарханы тариаланчид их хэмжээний нойтон цасанд өртөж, өндөр хүчдэлийн шугамууд унан, улмаар тариагаа цасанд даруулсан гашуун сургамжууд байгаа. Иймээс 9 дүгээр сард орох хур тунадас манай тариаланчдад болзошгүй гамшгийг дагуулах нөхцлийг бүрдүүлж магадгүй байна. Тариаланчид маань цаг агаарын мэдээллийг сайн авч, цаг агаар дулаан байх өдрүүдийг ашиглан ургац хураалтдаа өндөр зохион байгуулалттай, идэвхитэй оролцохыг уриалж байна” хэмээн ГТБХЗГ-ын дарга Ц.Речинсэнгээ хэллээ.
6
Монголын Залуучуудын холбоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран тариаланчдыг туслах ажилтанаар хангах ажлыг зохион байгуулж байгаа аж. Иймээс тариаланчид хэрэгцээтэй байгаа хүн хүчнийхээ тоог ҮХААЯ болон Монголын Залуучуудын холбооны Залуучуудын төв биржид хандан гэрээ байгууалх боломжтой юм байна.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ