Хоёр эвш ихэрлэжээ
Мазаалай баавгайг хамгаалах ажлын хэсэг байгуулагдаад найман сар болж байна. Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхний төлөөллийг нэгтгэсэн 17 хүний бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсэг өнөөдөр БОНХЯ-нд хуралдаж энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг дүгнэн, цаашид юу хийх хэрэгтэй байгаагаа хэлэлцлээ.
6
Мазаалай баавгайн тархац нутагт хяналтын камер суурилуулан тоо толгойн мэдээллийг цуглуулж байгаа. Энэ онд хоёр эвш ихэр бамбарууш гаргаж мазаалайн бүлд дөрвөн бамбарууш нэмэгдсэн нь тус камерт бичигдсэн байна. Энэ нь маш чухал үйл явдал гэдгийг ажлын хэсгийнхэн онцолж байлаа. Үүнээс гадна Говийн их дархан цаазат газарт мазаалайд зориулан гадаргын усны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хоёр булаг шандыг сэргээн тохижуулан хөв байгуулжээ. Нар, салхины эрчим хүчээр ажилладаг хагас автомат ажиллагаатай хоёр гүний худаг гаргах ажлыг гүйцэтгэж байгаа гэнэ. Мөн мазаалайн генетикийн судалгааны ажлыг явуулж Монгол орны Алтай, Хангай, Хэнтийн нуруунд тархсан хүрэн баавгайн зүйлээс генетикийн хувьд ялгаатай гэдгийг тогтоожээ. Одоо Гималай, Тэнгэр ууланд тархсан хүрэн баавгайн зүйлээс ялгаатай эсэхийг тодорхойлох ажлыг АНУ-ын Айдехогийн их сургуульд олон улсын судлаачидтай хамтран хийж байгаа аж. Энэхүү шинжилгээний үр дүнд мазаалай баавгайн генетикийн маргаантай асуудал бүрэн шийдэгдэнэ. Эцсийн үр дүн нь олон улсын байгууллагаас мазаалай баавгайг хамгаалахад хөрөнгө оруулах үүдийг нээх юм байна.
6
Тус ажлын хэсэг энэ онд нийт 37 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгаснаас 62 хувь нь бүрэн биелсэн, хэрэгжих шатандаа болон ирэх улиралд хэрэгжих нь 11 хувьтай байгаа бол огт биелээгүй ажил 12 хувийг эзэлж байгаа аж. Эдгээр үйл ажиллагаанд зориулан нийт 668 сая төгрөг зарцуулах бөгөөд 200 гаруй саяыг нь Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас гаргаж байгаа юм.
6
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ