Нийслэлчүүд өдөрт 120 тонн ногоо худалдан авч байна
Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 6 дүүргийн 6 цэгт 150 гаруй лангуун дээр шинэ ургацын төмс, хүнсний ногоог борлуулж байна. Энд нийтдээ 540 гаруй ногоочин өдөрт дунджаар 120 гаруй тонн хүнсний ногоог Улаанбаатар хотын иргэдэд худалдаалж байгаа аж. Харин хотын өдрийн хэрэгцээ 450 орчим тонн төмс, хүнсний ногоо байдаг аж. Иймээс цаашдаа төмс, хүнсний ногооны хураалт жигдэрвэл нэмж 22 лангуу нэмэх тухайгаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдэгдлээ. Мөн 9 дүгээр сарын 5-наас эхлэн Хан-Уул дүүргийн “Viva city” хороолол болон “Дүнжингарав” худалдааны төвд шинэ ургацын төмс, хүнсний ногоог худалдаалахаар болжээ. Түүнчлэн иргэд зориулалтын машин дээрээсээ байцаа болон тарвасыг худалдаалах боломж бүрдсэн байна.
Төмс, хүсний ногооны үнийн тухайд өдрөөс өдөрт хямдарсаар байгаа бөгөөд цаашид ч ургац хураалт жигдэрвэл үнэ нь улам буурах боломжтой аж. Харин хүлэмжийн нарийн ногоог манай улс бага тариалдаг тул үнэ нь харьцангуй өндөр байна.
Энэ жил манай улс 4.2 мянган тонн төмс, хүнсний ногоо хураан авна.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ