Файр Олон улсын төрийн бус байгууллага ажлаа тайлагнав
АНУ-ын Аризона мужид төвтэй “Flagstaff International Relief Effort” буюу Файр(FIRE) Олон улсын төрийн бус байгууллагынхан ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяатай өнөөдөр уулзаж, хийсэн ажлаа тайлагналаа. Тус байгууллага нь 2009 онд ЭМЯ-тай “Хамтын ажиллагааны гэрээ”-г гурван жилийн хугацаатай байгуулсан юм. Энэ хугацаанд:
1. Монгол Улсын эрүүл мэндийн ажилтнуудын дунд цусаар дамжих халдварын тархалтыг тогтоох судалгааны ажлыг Монголын Анагаах ухааны академи болон АНУ-ын Эрүүл мэндийн Үндэсний Хүрээлэнгийн Халдварт өвчин, дархлаа судлалын газартай хамтран хийж,
2. Гэмтэл, согог заслын чиглэлээр олон улсын сайн дурын эмч нар ГССҮТ-д ажиллаж, эмчилгээ оношилгооны шинэ аргачлалд эмч нарыг сургах, дадлагажуулах зэрэг ажлыг зохион байгуулжээ.
Тэд Төрийн нарийн бичгийн даргад ажлаа тайлагнах үеэрээ эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад зориулсан “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент” нэртэй сургалтын кино бүхий 1700 ширхэг DVD-г хүлээлгэн өгөв.
Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал нь эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлуудын нэг гэдгийг онцлов. Тэрээр энэ чухал асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа тус байгууллагад талархлаа илэрхийллээ.
Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад зориулсан 40 минутын уг киног Вагнер Ази ХХК, Оюу Толгой ХХК, Аригү Медиа ХХК-тай хамтран хийсэн байна. “Файр” ТББ-ын төлөөлөгчийн газрын холбогдох мэргэжилтэн хэлэхдээ, "Хог хаягдлын менежментийн төслийнхөө хүрээнд хөдөө орон нутгийг аюулгүй хайрцаг, хэрэгслийн хэрэглээнд сургая гэсэн зорилго тавьж ажиллаж байна” гэв. Мөн тус ажилдаа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг түлхүү хамруулсан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ