Медаль хүртсэн хүүхдүүдэд салбарын сайд нь баяр хүргэлээ
БНХАУ-ын Наньжин хотод энэ сарын 16-24-ний өдрүүдэд болсон "Наньжин 2013" Азийн хүүхдийн спортын II наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн хүүхдүүдийг ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
.
Тус спортын наадам нь хөнгөн атлетик, усанд сэлэлт, хөл бөмбөг зэрэг спортын 16 төрлөөр зохиогдсон бөгөөд манай улсын 89 тамирчин хөнгөн атлетик, гандбол, ширээний теннис, хүндийг өргөлт, жүдо, буудлага, туялзуур сэлэм, усанд сэлэлт, талбайн теннис гэсэн 9 төрөлд өрсөлдсөн юм.
.
Үүнээс жүдо бөхийн эрэгтэй 55 кг-ийн жинд З.Түшигтөр, эмэгтэй 52 кг-ийн ангилалд Ц.Хулан нар хүрэл медаль хүртжээ. Харин 2000м-ийн саадтай гүйлтийн төрөлд Э.Ариунтунгалаг мөн хүрэл медаль авсан байна. Ийнхүү ирэх жил болох “Наньжин 2014” хүүхдийн олимпийн өмнө болсон Азийн хүүхдийн спортын II наадмаас манай тамирчид гурван хүрэл медальтай ирсэн нь олимпийн наадмын туршилт, бэлтгэл ажлын шалгуур боллоо.
_
Жүдо бөхийн төрөлд манайхаас таван хүүхэд оролцож хоёр нь хүрэл медаль хүртэн, хоёр тамирчин тус бүр тав болон долдугаар байранд жагссанаар нийт 33 орны тамирчдаас багийн дүнгээрээ 17 дугаар байрт оржээ.
_Уулзалтын төгсгөлд тус наадмын Монголын багийн ахлагчаар ажилласан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар “Цаашид тамирчдын хувцаслалт, хоол тэжээлийн зүйл болон тусгай хөтөлбөрөөр бэлтгэл хийхэд нь төр засгийн зүгээс анхаарах хэрэгтэй байна. Ингэснээр өсвөр үеийн нөөц тамирчдыг бэлтгэж чадна. Үүний чиглэл болгож өсвөр үеийн тамирчдыг бэлтгэх хөтөлбөр боловсруулж танилцуулна” гэлээ.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ