Маргаашнаас шинэ дүрэмт хувцас худалдаанд гарна
Нийслэлийн хэмжээнд маргаашнаас эхлээд гурав хоногийн хугацаанд 16 газар нэгдүгээр ангийн хүүхдүүдийн шинэ загварын дүрэмт хувцасыг худалдаална. Харин орон нутагт аймгийн төв дээр болон сумдаар дамжуулан дүрэмт хувцасыг тараах аж. Энэ талаар өнөөдөр БШУЯ, ҮХААЯ-аас мэдээлэл хийсэн юм.
.
Одоогоор 24106 ширхэг дүрэмт хувцасыг оёж, хүүхдүүдийн гарт очиход бэлэн болгожээ. Энэ нь нэгдүгээр ангид элсч байгаа хүүхдүүдийн 60 гаруй хувийг хангах бөгөөд үүн дээр нэмээд зарим сургууль, эцэг, эхчүүдээс ирсэн нэгдүгээр ангийн сурагчдын дүрэмт хувцасны захиалгыг авч, гүйцэтгэж байгаа аж. Харин хэт өндөр, махлаг хүүхдүүдийн хувцасны хэмжээг есдүгээр сарын 20-ноос хойш сургуулиуд дээр нь очиж авахыг ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа хэлж байв. Мөн эцэг, эхчүүдийн ажлыг хялбарчлах үүднээс ХААН банкаар дамжуулан сурагчийн дүрэмт хувцасны төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлжээ. Эцэг, эхчүүд тус банкны аль ч салбараар хүүхдийнхээ дүрэмт хувцасны мөнгийг төлөх боломжтой бөгөөд ингэхдээ сонгосон хувцасныхаа кодыг зөв дугуйлах ёстой аж.
.
Д.Эрдэнэчимэг: Заасан хугацаанд авч амжаагүй бол үйлдвэрүүдийн борлуулах цэгээс авна
.

.
-Эцэг, эхчүүд дүрэмт хувцас авахдаа юу анхаарах вэ?
-Дүрэмт хувцас авахаар ирэхдээ заавал хүүхдээ дагуулж ирэх хэрэгтэй. Мөн хүүхдийнхээ регистрийн дугаар, ангийх нь бүлгийн нэрийг мэдэж ирэх хэрэгтэй.
.
-Сурагчдыг дүрэмт хувцасаар хангах хуваарийн талаар тодруулаач?
-Хувцас нийлүүлэх хуваарийн хувьд энэ сарын 29-31-ний хооронд нийслэлийн сургуулиудын нэгдүгээр ангийн захиалга өгсөн хүүхдүүдийн хувцасыг нийлүүлнэ. Нэмэлтээр шинэ загварын дүрэмт хувцас өмсөх хүсэлтэй олон сургууль, эцэг, эхчүүд бидэнд хандаж байна. Энэ хүсэлтийг бид 9 дүгээр сарын 1-нээс өмнө биелүүлэхээр ажиллаж байгаа. Ирэх сарын 10-ны дотор хөдөө орон нутгийн нэгдүгээр ангийн сурагчдыг дүрэмт хувцасаар хангана. Харин ирэх сарын 15-ны дотор Улаанбаатар хотын 2,3 дугаар ангийн хүүхдүүд дүрэмт хувцастай болно. Ингээд ирэх сарын сүүлч гэхэд Улаанбаатар хотын бага болон дунд ангийн сурагчдыг бүрэн дүрэмт хувцасаар хангах болно.
Хамгийн цаад талдаа гэхэд 11 сарын 15 гэхэд ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцасыг бүрэн хэмжээгээр нийлүүлэхээ ҮХААЯ-тай тохироод ажиллаж байна.
.
-Заасан хугацаанд дүрэмт хувцасаа авч амжаагүй хүүхдүүд өөр ямар газраас очиж авах боломжтой вэ?
-16 цэг дээр сургуулиуд заасан хугацаандаа ирж дүрэмт хувцасаа авна. Харин дүрэмт хувцасаа авч амжаагүй хүүхдүүдийн үйлдвэрүүдийн борлуулах цэг дээрээс очиж авах боломжтой.
.
-Энэ жил шинэ загварын дүрэмт хувцас авах эсэх нь тухайн хүний сонголт гэсэн. Гэтэл зарим сургуулиуд заавал шинэ дүрэмт хувцас өмсөх шаардлагыг хүүхдүүддээ тулгаж байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ жилийн хувьд бусад үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцасыг худалдаж авахыг БШУЯ-наас зөвшөөрсөн байгаа. Өөрөөр хэлбэл өөрийн өмсч буй дүрэмт хувцасыг үргэлжүүлэх өмсөх боломжийг олгосон. Гэхдээ сургуулиараа жигдрэх эсэх асуудлыг сургуулийн захиргаа болон эцэг, эхийн зөвлөл хамтран хэлэлцээд шийдэх эрх нь өөрсдөд нь байгаа.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ