
Эмнэлгүүд шаардлагагүй тохиолдолд өвчтөнг рентген шинжилгээнд оруулах, давтан зураг авах, үндэслэлгүйгээр цацрагийн шарлагад өртүүлэх зөрчил дутагдал гарсаар байна. Энэ нь эмнэлгийн эмч, ажилчдын цацрагийн хамгаалалтын талаарх мэдлэг сул байгаатай холбоотой аж. Иймээс эмнэлгүүдэд шаардлагатай байгаа рентген оношилгооны аппаратыг ханган нийлүүлэхдээ тухайн эмнэлгийн нөхцөл, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хангалт хийхийг Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газраас мэдэгджээ.
Тус газраас 2013 оны 3 улиралд Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай аймгуудын эмнэлгийн байгууллагуудад цацрагийн хяналт шалгалт хийжээ. Хяналтаар эмнэлгүүдэд ашиглагдаж буй рентген оношилгооны аппарат тоног төхөөрөмжийн ашиглалт хадгалалт, ажлын байрны цацрагийн хамгаалалт аюулгүйн шаардлагад нийцэж буй эсэхэд үнэлгээ хийж, дүгнэлт гаргасан байна. Энэ үеэр дээрх зөрчил дутагдал илэрчээ. Мөн тус аймгуудын нэгдсэн эмнэлгүүд рентген оношилгооны аппарат тоног төхөөрөмжийг хүлээн авсан тухайгаа хуулийн хугацаанд мэдэгдэж бүртгүүлээгүйгээс гадна чанарын баталгаажилтын хэмжилт хийлгээгүй, ажлын байрны нөхцөл, цацрагийн хамгаалалт зохих стандарт шаардлагад нийцсэн эсэхэд дүгнэлт гаргуулаагүй зэрэг олон зөрчил дутагдлыг илрүүлэн тогтоосон аж.
Түүнчлэн рентген тоног төхөөрөмжийг ашиглах зөвшөөрөлгүй байж үйл ажиллагаа явуулсан, өмнөх хяналт шалгалтаар улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй байсан нь илэрчээ. Иймээс Цөмийн энергийн тухай хуулийн дагуу мөнгөн шийтгэвэр ноогдуулж, зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага гарган, хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ