Зарим захад махны үнэ өсчээ
Нэг хэсэг үнэ нь шат дараатайгаар буурч байсан махны үнэ энэ сарын 21-28-ны хооронд Нийслэлийн зарим захуудад өсч эхэлжээ. Монголын Үндэсний Статистикийн хорооны мэдээллээс харахад үхрийн ястай мах “Баянзүрх”, “Хархорин” захуудад кг тутамдаа 500 төгрөгөөр нэмэгдэж, 7500-8000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн үхрийн цул мах ч мөн адил “Баянзүрх” худалдааны төвд өмнөх долоо хоногоосоо 5 орчим хувиар нэмэгдэн, кг нь 10000 төгрөг болжээ. Харин хонины ястай махны тухайд “Барс” худалдааны төвд өмнөх долоо хоногоосоо кг тутамдаа 600 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ. Одоо тус худалдааны төвд хонины ястай мах кг нь 7800 төгрөгөөр худалдаалагдаж байна. Тэгвэл “Баянзүрх”, “Хүчит шонхор” захуудад хонины ястай мах кг тутамдаа 200-300 төгрөгөөр буурч, 6300-6500 төгрөгийн үнэтэйгээр борлуулагдаж буй аж. Хонины цул мах “Баязүрх” захад 300 төгрөгөөр хямдарч, кг нь 7500 төгрөг болжээ.
Адууны ястай мах “Хархорин” захад кг тутамдаа 500 төгрөгөөр өсч, 6000 төгрөгийн үнэтэй болсон бол Нийслэлийн бусад захуудад үнэ нь өөрчлөгдөөгүй байна. Ямааны ястай мах “Хүчитшонхор” зах дээр 4 орчим хувиар буюу өмнөх долоо хоногоос 200 төгрөгөөр хямдран кг нь 5600 төгрөг болжээ.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ