2220 жилийн ойн хүрээнд амжилттай ажиллаж байна гэв

img

  Монголын  тулгар төр Хүннүгийн эзэнт улс байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 216 дугаар зарлиг,Засгийн газрын 2010 оныб 314 дүгээр тогтоолын дагуу  Монгол Улсын Засгийн газраас  ойг тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгуулах Үндэсний  хороог байгуулан 2011 оныг орон даяар түүхт ойн жил болгон тэмдэглэн өнгөрүүллээ. Үндэсний хорооноос  ойг тэмдэглэх календарчилсан төлөвлөгөөг гарган  уг төлөвлөгөөнд Төр засгийн хэмжээнд зохион байгуулах ажил, эрдэм судалгааны хүрээнд хийх ажил, олон нийтэд хүргэх, сурталчлах ажил   гэсэн 3 үндсэн чиглэлээр  26 ажил  гүйцэтгэхээр тусгажээ. Ойн  хүрээнд   төлөвлөгдсөн ажлуудыг зохион байгуулахад ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей  хошуучлан оролцож    хамтран зохион байгуулж, төлөвлөсөн ажлууд амжилттай хэрэгжсэн байна.Тухайлбал: Монгол улсын Үндэсний баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг  Монголын тулгар төр Хүннгийн эзэнт улсын үеэс улбаатай болохыг харуулсан байдлаар зохион байгуулжээ.  Ойн хүрээнд  Юнескогийн ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Ирина Бойкова өөрийн биеэр айлчлан ирж,  Хүннүгийн судалгааны эрдэм шинжилгээний хуралд оролцон  Хүннүгийн эзэнт улс бол Монголчуудын өвөг дээдэс мөн бөгөөд соёлыг тээж буй ард түмэн хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Эрдэм шинжилгээний олон улсын болон дотоодын чанартай хурал 6 удаа зохион байгуулжээ. Үүнд:  “Монголын тулгар төр Хүннү”, “Хүннү улс, Хүннүгийн эзэнт гүрэн: гарвал, түүх, улс төр, философийн асуудал”,  “Архангай нутаг бол Хүннү судлалын өлгий болох нь”,  “Хүннүгийн өв соёл”, “Хүннүгийн эзэнт улс ба Монголын эртний түүхийн судалгаа”   сэдэвт олон улсын хурлыг тус тус зохион байгуулсан байна. Эдгээр хурлууд нь хамарсан судалгаа, цар хүрээний хувьд энэ чиглэлээр урд өмнө хийгдээгүй томоохон хурлууд байсан юм. Эрдэм шинжилгээ судалгааны хувьд ном бүтээл туурвих, бүтээсэн ном бүтээлийг нийтлүүлэх, Хүннүгийн эзэнт улсын түүхтэй гадаад хэл дээрх ном бүтээлүүдийг орчуулах зэрэг ажлуудыг зохион байгуулжээ.  Монгол Улсын Боловсролын их сургууль, Удирдлагын академиас удирдан  “Монголын төрийн ёс ёслол” хамтын бүтээл,  ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс эрхлэн “Хүннүгийн түүх, соёл” хамтын бүтээл, ШУА-ийн Археологийн  хүрээлэнгээс эрхлэн “Хүннүгийн өв соёл” каталоги, “Хүннүгийн түүх толь бичиг” зэрэг бүтээлийг энэ ойн хүрээнд туувиж хэвлэн нийтлүүлээд байна. “Хүннүгийн түүх соёл”, “Хүннүгийн өв соёл” зэрэг бүтээлүүд нь Монголын эрдэмтэд хамтран Хүннүгийн түүхийн судалгааг түүх болоод археологийн талаас нь бичсэн дорвитой томоохон судалгаанууд болсон юм. Иймээс ч “Хүннүгийн өв соёл” каталоги  Шинжлэх ухааны 2011 оны шилдэг бүтээлд тусгай байрын шагнал хүртжээ. Мөн Оросын эрдэмтэн Н.Н.Крадины “Хүннүгийн эзэнт улс”, Америкийн профессор Томас Барфильдын “Аюултай хил хязгаар ба хятадын зах дээрх нүүдэлчид” бүтээлүүдийг орчуулж бүрэн дуусгажээ. Монголын тулгар төр Хүннүгийн эзэнт улсын түүх соёлыг олон түмэнд сурталчилах, ярилцлага зохион байгуулах, сонин сэтгүүл, мэдээлэлийн хэрэгсэлээр цуврал нийтлэл явуулах, уран сайхны бүтээлүүд хийхэд голлон анхаарч ажиллажээ. Ойн хүрээнд эрдэмтэн судлаачид өдөр тутмын сонин хэвлэл, мэдээлэлийн хэрэгсэлээр 30 гаруй удаагийн ярилцлага, өгүүллэг, нийтлэлийг явуулжээ. Түүнчлэн  энэхүү ойн хүрээнд  хэд хэдэн үзэсгэлэнг гаргасан байна.   “Хүннүгийн өв соёл”  “Хүннүгийн язгууртнууд”,  “Хүннү гүрэн-2220”,  “Ноён уулын Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалаас илэрсэн хивс, нэхмэл эдлэл” зэрэг үзэсгэлэн нь Хүннүгийн өв соёлын өлгий нутаг бол монгол нутаг мөн болохыг илтгэж гадаад дотоодын эрдэмтэн судлаачид, жуулчид аялагчдад томоохон сурталчилгаа болсон  байна. Түүнчлэн жүжгийн зохиолын уралдаан зарлаж шалгарсан бүтээлээр нь “ Тэнгэрийн хүү” хэмээх жүжиг тавьсан нь  олны ташаалыг хүртэж байна. Ийнхүү Хүннүгийн  эзэнт  улсын  түүх  соёлыг олон түмэнд үнэн зөв хүргэж, бодитой ажил хэрэг болгосоны үр дүнд Хүннү бол Монголын анхны төрт улс,  Хүннүгийн өв соёлын өлгий нутаг бол Монгол улс хэмээх ойлголт үзлийг залуу үед төлөвшүүлэхэд,  мөн олон улсад эзлэх байр сууриа бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой  бодит  ажлууд боллоо.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өнгө үзэмж сайтай нэхий тавчик бөөнөөр зарна. Размер: 36-41: 95174824
2011-11-23