
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2013-2014 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн барилгын засвар болон эрүүл ахуйн нөхцөл байдалд шалгалт хийжээ.
Шалгалтад улсын төсөв болон бусад хөрөнгө оруулалтаар засвар хийж байгаа 33 ерөнхий боловсролын сургууль, 44 цэцэрлэг, цэцэрлэгүүдийг хоол хүнсээр хангадаг таван хангамжийн төв, зургаан оюутны дотуур байр нийт 88 байгууллага хамрагдсан байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд дарга М.Баасандорж “Шалгалтын явцад илэрсэн зөрчлийн 50 хувийг газар дээр нь арилгуулж, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг яаралтай хангах, их засварын ажлын гүйцэтгэл болон ажлын явцад холбогдох хууль тогтоомжийг мөрдөх талаар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, холбогдох ажилтнуудад зөвлөгөө өгсөн” гэж хэллээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр таван цэцэрлэг, дөрвөн сургуулийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзэн НИТХ, нийслэлийн Засаг даргын захирамжаар буулгахаар болсон байна. Үүнд БЗД-ийн 10, 146, БГД-ийн 47, 57 дугаар цэцэрлэг болон СБД-ийн 11, гуравдугаар сургууль, БГД-ийн 38, 73 дугаар сургууль тус тус хамрагдсан аж. Эдгээр сургууль, цэцэрлэгт суралцаж байсан болон шинээр элссэн суралцагчдыг тухайн дүүргийн харьяа сургууль, цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулжээ.
Үүнээс гадна хичээлийн шинэ жил эхлэхэд сурагчдаа хүлээж авах боломжгүй буюу засвар нь дуусаагүй есөн сургууль, зургаан цэцэрлэг байгаа юм. БЗД-ийн 55, 92, Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор, БГД-ийн 22, Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор, ЧД-ийн 57, тавдугаар сургууль, СХД-ийн 81, СБД-ийн 29, нэгдүгээр сургуулиудын барилгын засварын ажил дуусаагүй байна. Мөн БЗД-ийн 59,191, НД-ийн 23, СБД-ийн 14, ЧД-ийн 37, ХУД-ийн 90 дүгээр цэцэрлэгүүдийн засварын ажил удаашралтай байгаа юм. Эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгын болон бусад засварын ажил ирэх 11 дүгээр сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Тиймээс засварын ажил дуусч, ашиглалтад ортол сурагчдыг нь тухайн дүүргийн харьяа ойр орчмын сургууль, цэцэрлэгт хуваарилан суралцуулах даалгаврыг дүүргийн засаг дарга нар болон сургууль цэцэрлэгийн удирдлагуудад өгсөн байна.
Мөн сурагчдын үдийн цай болон сургуулиудын цайны газрын эрүүл ахуйд нийслэлийн мэргэлжийн хяналтын газраас холбогдох шаардлагуудыг тавьж, тогтмол анхаарал хандуулан ажиллахаар болжээ.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ