Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээр төлөвлөснөөс найм болон ес дэх уулзвараа өнгрөсөн амралтын өдрүүдэд ашиглалтад орууллаа. Төв зам болон “Гермес” төв, “Бэгдү” хорооллын зам огтлолцдог Х хорооллын уулзвар нь хөдөлгөөний зохион байгуулалт буруугаас шалтгаалан байнга түгжрэл үүсдэг, зорчиход хүндрэлтэй уулзварын нэг байсан. Харин энэхүү шинэчлэлийн ажлаар зорчих хэсгүүдийг өргөтгөснөөс гадна хөдөлгөөний зохион байгуулалтыг зөв болгож, замын зохих тэмдэглэгээг бүрэн хийж, явган зорчигчийн зам, орчны бусад тохижилтыг сайжруулсан юм. Түүнчлэн, энэ уулзварт замын ус зайлуулах томоохон худаг, шугам хоолойг давхар шийдэж өгсөн. Х хорооллын уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Ар Си Эс Си” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Скай Стар” ХХК гүйцэтгэж нээсэн юм.
Мөн өчигдөр Гурвалжингийн гүүрний урд талын Ажилчны уулзварын нээлт боллоо. Тус уулзвар өмнө нь гэрлэн дохиогүй, хөдөлгөөний зохион байгуулалт нь эмх замбараагүй, эвдрэл гэмтэл ихтэй уулзвар байсан. Тэгвэл “Гудамж” төслийн захиалгаар энэ уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Танил санаа” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Цүүрдэн” ХХК гүйцэтгэсэн юм. Ийнхүү том оврын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд олноороо оролцдог, тоос шороо ихтэй, зорчиход хүндрэлтэй байсан уулзварын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулсан нь нийт зорчигчид төдийгүй замын цагдаа нарын ажилд ихээхэн дэм болж байна. Мөн энэ уулзварт борооны ус зайлуулах 200 гаруй мeтр шугам хоолойг шинээр суурилуулсан юм.
Үүнээс гадна долоон уулзварын ажил одоо ид өрнөж байгаагаас гурван уулзварын ажил дуусахад бэлэн болоод байгаа. Тухайлбал III, IV хорооллын эцсийн, Тасганы, Бөхийн өргөөний уулзваруудын асфальт хучилтын ажил дууссан бөгөөд зорчих хэсэг нь нээгдсэн, тээврийн хэрэгсэл саадгүй зорчиж байгаа. Эдгээр уулзварт гэрлэн дохиог эцсийн байдлаар суурилуулах, зарим тэмдэг тэмдэглэгээ, явган зорчигчийн зориулалтын замын ажил болон орчны бусад тохижилтыг гүйцээх үлдээд байна.

Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ