Шинэ элсэгчид сайн оюутан байхаа тангараглалаа

Тус үйл ажиллагаанд БШУ-ны сайд Л.Гантөмөр, МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайхан болон их дээд сургуулийн удирдлагууд, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг 97 их, дээд сургууль, коллежийн шинэ оюутнуудын 3000 гаруй төлөөлөл оролцсон.
Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн болон БХИС-ийн хөгжмийн ангийн оюутнууд Төрийн дуулалыг хүндэтгэлтэй эгшиглүүлснээр 2013-2014 оны шинэ хичээлийн жилийн “Оюутны тангарагийн баяр”-ын нээлт эхэлсэн. МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан “Бид Монголын маргаашийг оюутны маргаашаар төсөөлдөг. Та бүхэн эх орныхоо маргаашийг гэрэл гэгээтэй байлгахын тулд өөрийгөө нийгэмд тустай хүн болгон хөгжүүл. Өнөөдөр оюутнуудыг маш олон талаар шүүмжилж байна. Эдгээр шүүмжлэлийг багасгахын тулд сайн сурлагатай, хөдөлмөрч, бүтээлч оюутан болцгоох хэрэгтэй. Та нарын өмнө маш олон боломж нээлттэй байна” гэж хэллээ.
Үүний дараа БХИС-ийн Цэрэг-Инженерийн ангийн оюутан н.Хишигсүрэн тэргүүтэй 3000 гаруй шинэ оюутан мэдлэг боловсрол, авьяас чадвар, ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй оюутан байж, эх орноо хөгжүүлэхээ гэр бүл, ард түмэндээ тангараглалаа. Мөн энэ жилийн элсэлтийн шалгалтаар хамгийн өндөр буюу 800 оноо авч, МУИС-ийн Олон улсын эдийн засаг харилцааны ангид элсэн орсон н.Тэмүүлэн, н.Баттөр нар хичээлийн жилийн хамгийн анхны хонхыг цохиж, тэнд цугласан хүмүүсийн сэтгэлийг багагүй хөдөлгөсөн юм.
.
Сургалтын төлбөрөө төлүүлэх гурван азтанг тодруулав
.
Шинэ оюутнуудын тангараг өргөх ёслолын ажиллагаа бүтэн жилийн сургалтын төлбөрөө төлүүлэх гурван азтаныг шалгаруулах сугалааны тохиролоор үргэлжилсэн. Үйл ажиллагаанд ирсэн нийт оюутнуудад тарааж өгсөн, “Оюутны хөтөч-2013” номын эхний нүүрэнд дарсан кодоор азтаныг тодруулсан юм.
Хамгийн эхний азтанаар БХИС-ийн сонсогч н.Мөнхнаран тодорч сургалтын төлбөр болох 890 мянган төгрөгийн батламжийг гардсан. Дараагийн азтан нь СЭЗДС-ийн нэгдүгээр курсийн оюутан н.Түвшинжаргал болсон бөгөөд нэг сая долоон зуун мянган төгрөгийн сургалтын төлбөрөө төлүүлэхээр болсон. ЭМШУИС-ийн оюутан н.Отгонбаяр сүүлийн азтан болж сургалтын төлбөр буюу нэг сая гурван зуун мянган төгрөгийн батламж гардаж авсан. Эдгээр оюутны сургалтын төлбөрийг “Төрийн банк” ивээн тэтгэж байгаа бөгөөд тухайн оюутан сургалтын төлбөрөө төлсөн байсан бол оюутны “Smart” карт руу нь мөнгийг нь шилжүүлэх юм байна.
Ийнхүү шинэ элсэгчдийг нэгэн дээвэр дор цуглуулсан оюутны тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа урлагийн оддын шоу тоглолтоор үргэлжилж байгаа.
БШУ-ны сайд Л.Гантөмөр “Би та бүхний тангарагийн гэрч боллоо. Тангарагтаа үнэнч байхын ерөөлийг дэвшүүлье. Энэ жилээс эхлэн их, дээд сургуулиуд оюутан нэг бүрт чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайлбал, ХААИС шинэ элсэгчиддээ зориулан энэ сараас ирэх 11 сарыг дуустал англи хэл, мэдээллийн технологи, амьдрах ухааны сургалтыг явуулж байна. Харин МУБИС-ийн Багшийн сургууль нэгдүгээр курсийн оюутнууддаа чиглэн англи хэлний сургалтыг өнгөрөгч сараас эхлэн зохион байгуулж байна. Та нар бол Монголын ирээдүй, боломж. Улс хөгжихийн тулд ирээдүй нь өндөр боловсролтой байх ёстой. Бид та нарыг дэмжиж, тусалж, хайрлаж байх болно” гэсэн юм.
Энэ үеэр Монгол улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвөөс шинээр оюутан болж буй дөрвөн хүүхдэд Төрийн сангийн буцалтгүй тусламжаар үнэгүй суралцах эрхийн бичиг гардууллаа. УБИС-ийн Нийгмийн ажилтны нэгдүгээр ангийн оюутан О.Баатарсүх, тус сургуулийн Сувилахуйн ангийн элсэгч н.Ганбат, БХИС-ийн оюутан н.Төр болон МУИС-ийн МУЗСудлалын нэгдүгээр ангийн оюутан Ц.Орхон нар дөрвөн жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцах батламжаа гардаж авсан.
6
О.Баатарсүх: Би Монголын ирээдүйг бэлтгэнэ
6
Тэдний нэг болох УБИС-ийн Нийгмийн ажилтны нэгдүгээр ангийн оюутан О.Баатарсүхтэй цөөн хором ярилцлаа.
6
-Яагаад нийгмийн ажилтан мэргэжлийн сонгон суралцах болов?
-Би “Хүүхдийн нийгмийн ажилтан” гэдэг мэргэжлийг сонгосон. Хүүхэд, асран хүмүүжүүлэх төвд 2003 оноос хойш арван жил амьдарсан болохоор эдгээр хүүхдийн жаргал, зовлонг сайн мэднэ. Тэгээд л хүүхдийн сайн сайхны төлөө ажилладаг хүн болохоор шийдсэн.
5
- Тэтгэлэгээр суралцахаар боллоо. Сэтгэгдэл ямар байна. Төгсөж гараад эх орондоо юу хийж бүтээх вэ?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Төрийн сангийн буцалтгүй тусламжаар сурахаар болж байгаа болохоор сургалтын төлбөрт санаа зовохгүй зөвхөн хичээлдээ л шамдах үлдэж байна. Би сургуулиа төгсөөд эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө, тэдэнтэй хамтарч ажиллана. Эхний ээлжинд өөрөө сайн ирээдүй байгаад үргэлжлүүлээд сайн ирээдүйг бэлтгэх болно.
5
-Насанд хүрсэн болохоор “Өнөр бүл” төвөөсөө гарч байгаа биз дээ. Одоо хаана амьдарч байна?
-Харин тиймээ. Гэхдээ одоогоор төвийнхөө “Дамжин өнгөрүүлэх байр”-нд амьдарч байгаа.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ