У.Мөнх-Эрдэнэ: Шударга биш юмнаас шударга зүйл гаргах гээд байгаад дургүй хүрч байна
Монголын боксын холбооны ноцтой зөрчлийн талаар өнөөдөр МУ-н гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, МУ-ын гавъяат дасгалжуулагч Г.Оюунболд, Д.Батмөнх нар мэдээлэл хийлээ.
Тэдний мэдээлж буйгаар Монголын боксын холбоо дэлхийд жиндээ номер нэгд жагсаж буй тамирчнаа Дэлхийн аваргын төлөөх тэмцээнд явахынх өмнө эрхийг нь бүдүүлгээр зөрчиж, сэтгэл зүйн дарамт шахалт үзүүлж байна гэв.
6
Тодруулбал, 2013 оны Боксийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх аравдугаар сард Казахстан улсын Алматы хотод болно. Дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн 10 жингийн 52 кг, нэмэх, хасах 91кг-ийн жингээс бусад 7 жинд манай улсын ширэн бээлийтнүүд хүч сорих юм. Эдгээрээс зургаан жинд өрсөлдөх тамирчдын нэр тодроод байгаа бол 64 кг-ийн жинд эх орноо төлөөлөн тулалдах боксчин хараахан тодроогүй байна.
6
Харин Монголын боксын холбоо, Спортын бэлтгэлийн төвийн үндэсний шигшээ багийн албанаас боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээний 64 кг-ийн жинд эх орноо төлөөлөх тамирчинг сонгохоор Монгол Улсын гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг нарын дунд сорилго явуулахаар шийдвэр гаргасан байна. Үүнд олимпын хүрэл медальт тамирчин У.Мөнх-Эрдэнэ болон түүний дасгалжуулагчид эсрэг байр суурьтай байгаа аж.
6
Г.Оюунболд: Монголын боксын холбоо өөр улсын тамирчидтай тохиролцсон байхыг үгүйсгэхгүй
6
Хэвлэлийн хурлын үеэр МУ-ын гавъяат дасгалжуулагч Г.Оюунболд “У.Мөнх-Эрдэнэ бол дэлхийд чансаагаараа нэгдүгээр байрт явж байгаа. Тиймээс У.Мөнх-Эрдэнэ сорилго, сугалаанд оролцох шаардлага байхгүй. У.Мөнх-Эрдэнэ шууд медаль авах магадлал өндөр. З.Энхзориг У.Мөнх-Эрдэнэтэй адилхан ази, дэлхий, олимпоос медаль авч байсан бол бид сорилгод оролцуулах байсан. Бид Монголын боксын холбоо ямар учраас сорилтод орох ёстойг лавлахад одоог хүртэл хариуг өгөхгүй байгаа. Спортын түүхэнд манай У.Мөнх-Эрдэнэ шиг нэг жинд олимпийн жинг барьж, дэлхийн томоохон тэмцээнд амжилттай явж байгаа тамирчин байхгүй. Ийм хүнийг сорилт хийлгэнэ гэж сэтгэлзүйн дарамт үзүүлж, сургуулилтын формыг зөв хангаж өгөхгүй байгаа нь цаанаа ямар учир шалтгаантайг ойлгохгүй байна. Би тамирчнаа аваад олон тэмцээн уралдаанд орж байсан. Тэр үед тамирчнаа ялагдуулаад өгөөч гэсэн хүсэлт олон ирдэг байсан. Магадгүй Монголын боксын холбоо өөр улсын тамирчидтай тохиролцсон байхыг үгүйсгэхгүй гэх бодол төрж байна. Тиймээс шилдэг тамирчнаа ДАШТ-д явуулахгүй оронд нь өөр тамирчин явуулах гэж зүтгээд байгаа байх. Дэлхийд боксын спортоороо тэргүүлдэг Куба улсын нэртэй дасгалжуулагч саяхан Монголд ирээд явсан. Тэр хүн хүртэл “Дэлхийд чансаагаараа гайхагддаг тамирчнаа ДАШТ-нд оруулахгүй гэдэг. Мөн сонин улс юм аа. Танай боксын холбоонд мэргэжлийн хүмүүс ажилдаггүй юм уу” хэмээн гайхаж байсан. З.Энхзориг нь 55 кг, 60 кг байхдаа оюутны боксын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Гэхдээ тэндээс медаль авах нь бүү хэл, шагналт байранд ч орж чадаагүй. Хэрэв У.Мөнх-Эрдэнэтэй адилхан жингээ бариад амжилт үзүүлж чадсан бол бид сорилго хийлгэхсэн. Жингээ барьж чадахгүй байж хүний жинд орж ирээд ийм овилгогүй зан гаргаж байгаа нь шударга ёсонд үл нийцэж байна” хэмээн ярив.
6
У.Мөнх-Эрдэнэ: З.Энхзоригтой хамт зодооны бэлтгэлд оръё
6
Харин олимпийн хүрэл медальт, МУ-н гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ “Миний хувьд энэ жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд орсон. Уг тэмцээнд Азийн бүх шигшээ багууд бүгд оролцсон. Би уг тэмцээнээс мөнгөн медаль авч бэлтгэл сургуулилттай байгаа гэдгээ харуулсан. Харин З.Энхзориг маань оюутны наадамд орсон. Оюутны наадамд Монголын боксын шигшээ, Оросын шигшээ баг хоёр л орсон. Бусад нь жинхэнээсээ оюутнууд байсан. Гэтэл тэр медаль аваагүй. Ийм хүнтэй намайг сорилго хий гэж байгаа байхгүй юу. Ядаж оюутны наадмаас медаль аваад ирсэн хүнтэй сорилго хий гэж байгаа бол би юм хэлэхгүй. Энэ жил олон улсын тэмцээнд манай баг олон удаа буюу 10 гаруй удаа явсан. Миний хувьд өөрөө зардлаа олоод тэмцээн уралдаанд явъя гэхээр явуулахгүй байдаг. Гэсэн атлаа өөрсдөө гадаадад бэлтгэл хангаж, явж явж ирчихээд яг бэлтгэлээ тааруулаад л сорилго хийнэ гээд байгаа юм. Хамгийн гол нь бэлтгэл дээр би илүү байдгийг бүгдээрээ мэдэж байж, шударга бус юмнаас шударга юм гаргах гээд сорилго хийх гээд байгаа юм. Ийм зүйл байж болохгүй. Үнэхээр харах гээд байгаа бол 7-21 хоногийн хугацаанд хамт зодооны бэлтгэлд оръё. Шударга биш юмнаас шударга зүйл гаргаж ирэх гээд байгаа болохоор миний дургүй хүрч байна” хэмээн ярьсан юм.
6
Б.Цэрэндэжид
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ