
Ерөнхий боловсролын зарим сургуулиуд “Сургуулийн автобус” үйлчилгээг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж байгаа. Энэ хичээлийн жилд нийт 32 сургууль, 102 автобусаар сурагчиддаа үйлчлэх урьдчилсан мэдээ нийслэлийн Боловсролын газарт иржээ.
Нийслэлийн Засаг даргын А/532 захирамжид ерөнхий боловсролын 18 сургуулийг сурагчдын автобусаар үйлчлэхээр заасан бол энэ хичээлийн жилд захирамжид ороогүй ч өөрсдийн санаачилгаар сурагчдыг автобусаар тээвэрлэх ажлыг 20 сургууль зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 3400 орчим хүүхэд автобусаар зорчихоор төлөвлөжээ. Харин зарим сургуулиуд сурагчдаас багагүй хэмжээний сургалтын төлбөр авдаг ч сурагчдын автобусыг явуулахгүй байгаа юм.
Тиймээс нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн ахлаж буй “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар сургуулийн захиралуудтай зөвшилцөн, шаардлага хүргүүлж энэ 7 хоногт дээрхи асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгожээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ