
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар тэргүүтэй ЭСЯ-ны ажилтнууд, Бээжин дэх Монголын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болон БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Ардын их хурлын төлөөлөгчдийн дэд дарга, Худалдааны танхимын дарга хатагтай У Фэнин, Жанчхүү хотын дэд дарга Жоу Лиминь, Жанбэй сяний Ардын Засгийн газрын орлогч дарга Гуо Жиминь зэрэг Жанчхүү хотын орон нутгийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт Жанбэй сянь дахь Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Хятадыг чөлөөлөх дайнд оролцож яваад 1945 онд Жанчхүүгийн даваанд амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын алдрыг мөнхжүүлсэн Жанбэй дахь дурсгалын хөшөөг арчлан хамгаалж, анхаарал тавьж байдагт Элчин сайд Ц.Сүхбаатар орон нутгийн удирдлагад талархал илэрхийлж, дэлхийн хоёрдугаар дайны энэхүү түүхэн үйл явдлаас улбаатай Монгол, Хятадын ард түмний найрсаг харилцаа эдүгээ стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүрч бүхий л салбарт өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглэв.
Одоогоос 68 жилийн тэртээ Зүүн хойд Хятадыг чөлөөлөх дайнд амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын алдар гавъяаг бид үргэлж санан дурсаж байх болно гэж хатагтай У Фэнин хэлсэн үгэндээ онцоллоо.
Зүүн хойд Хятадыг чөлөөлөх дайнд оролцож амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын хөшөөг 1957 онд босгосон бөгөөд Монголын 13 дайчны нэрийг энэ онд хөшөөн дээр кирилл, ханз үсгээр шинэчлэн бичиж мөнхжүүлсэн байна хэмээн
ГХЯ-наас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ