УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын төрсөн дүү, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Содхүү газрын зөвшөөрлөө аваагүй байж, газар эзэмшин үйл ажиллагаа эрхэлж, энэ нь иргэдийн ая тухтай амьдрах эрхийг зөрчиж байгаа аж. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хонхор тосгонд иргэн Ц.Содхүү 24342 ам метр газрыг 5 жилийн хугацаатай, амины орон сууцны зориулалтаар эзэмшинэ хэмээн мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Гэвч тэрбээр уг газрыг гэрээнд заасан зориулалтаар амины орон сууц барилгүй “Жидиконкрит” ХХК-аар бетон зуурмагийн үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгүүлж байгаа аж.
6
Энэ асуудлаар иргэдээс ирсэн гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-20/221 тоот удирдамжийн дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар иргэн Ц.Содхүүд 2010 оны есдүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар 11-р хороо, Хонхор тосгонд байх хувийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн газрыг зориулалтын бусаар ашиглаж байгааг тогтоосон байна. Энэ үйлдэл нь “Газрын тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх заалт гэрээнд заасан гэрээний дагуу уг газрыг эзэмших, ашиглах заалтыг зөрчиж байна. Мөн Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаад хандан “Иргэн Ц.Содхүүгийн эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж байгаа “Жидиконкрит” ХХК-ийн нэр дээр 2013 оны 8 дугаар сарын 16-ний өдрийн 2013/85 тоот дүгнэлт гаргахдаа тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулсан байсныг анхааралдаа авсангүй. “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг зөрчин “Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаас баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдал, ерөнхий үнэлгээ хийлгэлгүй үйл ажиллагаа явуулж болно” гэсэн дүгнэлт гаргажээ. Тиймээс “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийг зөрчиж гаргасан дээрх дүгнэлтийг хүчингүй болгож, харин хариуцлага алдсан албан тушаалтанд арга хэмжээ авахыг сануулсан албан бичиг илгээсэн байна. Түүнчлэн Ц.Содхүү уг газрыг хувийн орон сууцны зориулалтаар ашиглах ёстой атал бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа компанид газраа ашиглуулж байгаа нь хууль зөрчсөн асуудал болсон байна гэжээ.
6
Эдгээр баримтуудаас гадна Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаагийн 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурсан “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт”-ийн хавсралтад дурьдсан баримт нь үгийн болон утгын алдаатай байх аж. Эдгээр асуудлаар Г.Болормаа даргаас тодруулахад “Үйл ажиллагаа явуулах газрын зөвшөөрөл бүхий гэрчилгээ аваагүй байхад байгаль орчны дүгнэлтийг манай байгууллагаас гаргуулсан байна. Энэ асуудлыг хариуцсан мэргэжилтэн түр эзгүй байсан юм. Орлож байсан хүн нь хариуцлага алдсан байна. Ажлын хариуцлага алдсан мэргэжилтэнд арга хэмжээ авна. Манай жинхэнэ мэргэжилтэн, тухайн үед ажиллаж дүгнэлт гаргасан мэргэжилтэн Б.Энхбат болон бусад хүмүүс газар дээр нь ажиллаж байгаа. Тэдний гаргах дүгнэлтийг үндэслэн цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх дүгнэлт гарна. Гэхдээ Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг манайхаас гаргахгүй, бид зөвхөн байгаль орчин, ойр орчмын оршин суугчдад нөлөөлөх эсэхийг ерөнхийд нь харж дүгнэнэ. Баримт бичиг дээр гарсан алдааны хувьд манай мэргэжилтнүүд боловсруулж, хэлтсийн дарга нар хянаж байж над дээр ирдэг. Өдөрт хэдэн зуун хуудас баримт ирдэг тул тэр болгоныг уншаад суух боломж олддоггүй. Бүх баримтыг уншиж байж гарын үсэг зурна гэвэл би өөр бусад ажлаа хийж чадахгүй болно биз дээ” гэлээ.
6
Төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийг үл хүндэтгэн газар эзэмших гэрээгээ дур мэдэн өөрчилсөн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Содхүү, Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлыг шийдэж, төрийн албандаа хариуцлагатай хандаж, гарын үсгээрээ баримтжуулдаг дарга ажилдаа хариуцлагагүй хандсан гэдгийг баримтаар өгүүллээ.
7
Хамгийн гол нь Баянзүрх дүүргийн 11 хороо, Хонхор тосгонд иргэн Ц.Содхүүгийн эзэмшил хашааны зэргэлдээ хүүхдийн асрамжийн газар, айл өрх олноор байрладаг юм байна. Тиймээс төрийн байгууллагууд хяналт шалгалтаа сайжруулж, дүгнэлтээ үнэн зөв гарган хүүхэд багачуудын болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаална гэдэгт итгэж байна.
7
Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар эргэн мэдээлэх болно.
7
П.Наран