Шар виза ирэх сарын 1-н хүртэл хүчинтэй
Монголын оюутны холбоо болон Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийж “Оюутнуудын хуучин виза картын хугацаа дууссан нь хамаагүй, наалттай л бол ирэх сарын 01-нийг хүртэл нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлнэ” гэлээ.
Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд 113 мянган оюутан нийтийн тээврээр үнэгүй зорчихоор болсон. Түүнчлэн оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих карт шинэчлэгдэж байгаа.
Үүнтэй холбоотойгоор МОХ-оос оюутнуудыг энэ сарын 2-ны өдрөөс ирэх сарын 1-нийг хүртэл өмнөх жил ашиглаж байсан, наалт бүхий шар виза картаар нийтийн тээврийн унаанд үнэгүй зорчуулахаар нийслэлийн Нийтийн тээврийн газар болон Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой тохиролцсон байна.
Гэвч хичээлийн шинэ жил эхэлж буй энэ үед нийтийн тээврийн үйлчилгээний кондукторууд оюутнуудыг хуучин виза картаар зорчуулахгүй байгаатай холбогдуулан оюутнуудаас олон санал, гомдол ирсэн байна. Тиймээс дээрх мэдээллийг албан ёсоор ийнхүү өгч байгаа юм. Хэрэв шар виза картаар зорчуулаагүй тохиолдолд тухайн автобусны дугаар, цаг, чиглэлийг нь тэмдэглэн авч Нийслэлийн нийтийн тээврийн газрын санал гомдол хүлээж авах 326-352, 323-176 дугаарын утсаар өгөх боломжтойг мөн хэллээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ