Шарын голын бичил уурхайчид талбайгаа чөлөөлөхгүй
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Буянтын хөндий-Шарын гол” ТББ нь хувиараа алт олборлогчид зохион байгуулалтад орж, шороон ордод олборлолт явуулахдаа, эргээд байгальдаа нөхөн сэргээлт хийж, шинэ хэлбэрээр ажилладаг бичил уурхайчдын нэгдэл юм. Гэтэл тэднийг тараах захирамж гарсан тухай Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос мэдээлэл хийлээ.
6
“Буянтын хөндий-Шарын гол” ТББ-т одоогийн байдлаар 676 бичил уурхайчин харьяалагдан ажиллаж, амьдралаа залгуулдаг байна. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат болон Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа нар бичил уурхайчдыг албадан тараах, буулгах захирамж гарган, үүнийгээ орон нутгийн цагдаа, онцгой байлын ажилчдын оролцоотойгоор хүчлэн гүйцэтгүүлэхээр үүрэг болгосон аж. Хэвлэлийн бага хуралд оролцогч бичил уурхайчдын төлөөлөл “Тус аймгийн Засаг дарга С.Насанбат нь хоёр жилийн өмнө Шарын голын уурхайн дэд захирал байхдаа биднийг хөөж гаргаад техник оруулан алт олборлож байсан. Өнөөдөр энэ үйл явдал давтагдаж магадгүй гэдэг хардлага бидний дунд байна” гэлээ.
6
Энэ үйлдлийг бичил уурхай эрхлэгчид эсэргүүцэж байгаа бөгөөд аймгийн Засаг дарга С.Насанбатаас захирамжаа буцаахыг хүссэн боловч хүлээж аваагүй байна. Үүгээр зогсохгүй бичил уурхайчдыг энэ сарын нэгний дотор олборлолт хийж буй талбайгаа чөлөөлөхийг шаардсан бол тэд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа газраа чөлөөлөх боломжгүй. Тиймээс Монголын төр засгийн байгууллагууд, холбогдох яам, агентлагууд, бичил уурхай эрхлэгч иргэд хийгээд захиргааны байгууллагын дунд үүссэн дээрх үл ойлголцол, маргаантай асуудалд анхаарлаа хандуулахгүй бол олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал учирч болзошгүй болоод байгааг илэрхийллээ.
6
Энэ мэтчилэн хариуцлагагүй, хууль зөрчигч сумын Засаг дарга нарын буруугаас бичил уурхайчдын амьдрал төдийгүй амь нас хохирсон тохиолдол байгааг ярьж байв. Тухайлбал, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр бичил уурхайчдыг өөрсдөө талбайгаа хамгаал гэснээр тэд талбайгаа хамгаалах болон цэвдэгийг гэсгээх зорилгоор ухсан нүхэндээ гал түлж байгаад өнгөрсөн долдугаар сарын 13-нд нэгэн иргэн угаартаж нас барсан гэдгийг “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны гүйцэтгэх захирал О.Цэцэгмаа хэлж байсан юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ