Утаа бууруулахад 45 мянган зуух хэрэгтэй

img

Нийслэлийн утаа униарыг багасгаж, өвөлдөө утаан манан дунд амьдрахгүйн тулд янз бүрийн аргыг туршиж үзэж, алдаж оносоор, үр дүн нь гарах нь гарч зарим нь ч эс гарч байна.

Өнгөрсөн хугацаанд боловсруулсан түлш, сайжруулсан зуух, гэрийн дулаалга гээд бас ч гэж нэлээд аргыг хэрэглэсэн. Нүдэнд харагдах хэмжээнд агаарын бохирдол буураагүй ч албаны мэдээгээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 4-5 хувиар буурсан. Сонгосон бүсдээ бол 27 хүртлэх хувь багассан гэдгийг өнгөрсөн хугацаанд мэдээлж байсан.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхүүдэд 2011-2013 онд нийт 121.6 мянган ширхэг сайжруулсан зуух, 21 мянган ширхэг гэрийн дулаалга, 7.5 мянган дулаан баригч, нэг мянган яндангийн шүүлтүүр, 5.15 мянган гонх, 98 тооны эрчим хүчний хэмнэлтэй сууцыг хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй олгосон аж.

Нийслэлийн хэмжээнд 2000 өрх цахилгаан халаагуур хэрэглэж байгаа юм байна. Цаашид нийслэлийн гэр хорооллын өрхүүдийг сайжруулсан зуухаар бүрэн хангахад 45 мянган ширхэг зуух шаардлагатай байгаа гэнэ. Эдгээрийг “Цэвэр агаар сан” болон шинээр хэрэгжиж эхэлж байгаа Дэлхийн банкны “Улаанбаатар-цэвэр агаар” төслөөс хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.

Улаанбаатарын төвийн зургаан дүүргийн утааг 50 хувиар бууруулах боломжтой түлш бол үртсэн шахмал түлш гэдгийг албаныхан хэлдэг. Гэвч энэ нь түүхий нүүрснээс 2-3 дахин өндөр үнэтэй. Дээр нь нийслэлийн өмчит нэг, хувийн хэд хэдэн үйлдвэр нийлээд жилд дөнгөж 8-хан мянган тонн шахмал түлш гаргаж буй юм. Монголд мод боловсруулах үйлдвэр цөөн тул үртсээр хангах боломжгүй, ОХУ-ын Красноярск, Иркутск орчмоос модны үртэс авах боломжтой ч тээврийн зардал маш өндөр байдаг аж. Нэг тонн үртэсний үнэ 253 мянган төгрөг, үүгээр зөвхөн Баянгол дүүргийг хангая гэвэл 7.6 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гаргажээ. Нийт 600 мянга орчим тонн үртэс авч чадвал Улаанбаатарын утааг 60 хувь бууруулах боломжтой юм байна. Утааг бууруулахад ирэх жил 200 орчим тэрбум төгрөг төсөвт суулгуулахаар болжээ.

Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

багануур нүүрс:
ямарч сайн зуух байгаад багануурын хог түлэхэд утаа буурна гэдэг үлгэр ярихаа боливол асан юм бэ 200 зуун тэр бумаараа станц барь
2013-09-04
MNNS:
ҮНЭН ТЭНЭГ ГАРУУД ШҮҮ mcs ЗУУХ НИЙЛҮҮЛЭЭД БАЙДАГ ХЭХЭ УТАА ЗУУХ НИЙЛҮҮЛХЭЭР БУУРНА АРГАА БАРСАН ТӨСӨВИЙН МӨНГӨ ЦОХИХ ГЭСЭН ЭТГЭЭДҮҮДИЙН САНАА
2013-09-04
Баатар:
Гэр хороололоос хөдөө орон нутагт шилжигсдэд хүн бүрт нэг сая төгрөг ,орон сууцны хороололд амьдрагсдаас хөдөө орон нутагт шилжигсдэд хагас сая төгрөг олгох аян өрнүүлбэл утаанаас сая сална .
2013-09-03