О.Магнайг ажлаас нь чөлөөлөхийг хүслээ
МАН-ын “Шинэчлэлийн хороо"-ны гишүүн Т.Сайнжаргал өнөөдөр иргэн хүний хувиар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандлаа. Тэрбээр ШӨХТГ-ын дарга О.Магнайг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлөө Төрийн албаны бичиг хэрэгт хүлээлгэж өгсөн юм.
Энэ үеэр тэрбээр “ШӨХТГ-ын дарга О.Магнай энэ албан тушаалд очоод нэг жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд хэд хэдэн шинэчлэл хийж чадсан ч, тэдгээр шинэчлэл нь иргэд, хэрэглэгчдийн төлөө бус хэн нэгэн бизнесийн үйл ажиллагааг дэмждэг болохоо харууллаа. Тиймээс иргэн Т.Сайнжаргал миний бие хэд хэдэн зүйл заалт бүхий шаардлагыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд өгч байгаа юм. Тухайлбал, О.Магнай Төрийн албаны тухай хуулийн 13.1.8 дахь хэсгийн “Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Улс төрийн аливаа нөлөөнд автахгүй төвийг сахих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр сууриа илэрхийлэх” гэсэн зүйл заалтыг ноцтой зөрчсөн. Тэрбээр энэ оны зургадугаар сарын 24-ний “Өдрийн сонин”-д “О.Магнай: МАН-ынхан өөрсийгөө байр сууриа алдах вий гэхээс суух газраа олохгүй байна” гэх гарчигтай ярилцлага өгсөн байна. Энэ ярилцлаганд өөрийн улс төрийн байр сууриа илэрхийлэхээс гадна, бусад улс төрийн нам эвслийг гутаан доромжилсон байна. Мөн уг улстөржсөн ярилцлагаа ШӨХТГ-ын албан ёсны сайтад өнөөг хүртэл байршуулж байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 15.1.7 “Албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завшихыг хориглоно” гэх зүйл заалтыг зөрчсөн байна” гэв.
Иргэн Т.Сайнжаргалын Төрийг албаны зөвлөлд хүргүүлсэн өргөдлийг бүрэн эхээр нь хүргье.
Б.Цэрэндэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ