Беларусийн бизнес форум маргааш болно

img

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар айлчилж буй Беларусийн Ерөнхий сайд М.В.Мясникович айлчлалын хүрээнд томоохон хоёр арга хэмжээ зохион байгуулагдах гэж буй. МҮХАҮТ-нд маргааш 10 цагт Беларусийн үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн нээлтээ хийж, үргэлжлүүлэн бизнесийн уулзалт болох юм байна.

Үндэсний үзэсгэлэнд Беларусийн хүнс хөдөө аж ахуй, уул уурхай, шинжлэх ухаан, боловсрол, зам барилгын гээд 82 компани оролцох аж.

Хоёр улсын бараа эргэлт 2007 онд 3 сая ам.доллар байсан бол 2012 онд 102 сая ам.доллар болж өсчээ. Өнөөдөр эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбарт Беларусь болон манай улсын бараа эргэлт жилдээ 400 мянган ам.доллар байдаг аж. Үүнийг улам өргөжүүлж 500 мянган ам.долларын гэрээ хэлэлцээр хийхээр тохироод байгаа гэнэ. Уул уурхайн салбарт Беларусийн Дилаз компани 30-35 тоннын даацтай машин механизмаа “Монгол алт”, “Эрдэнэт ГОК”, “Дорнод Алт” зэрэг манай компаниудад нийлүүлдэг байна. Хэрэв манай компаниуд хүсвэл 210 тоннын даацтай машинаар хангах ч бүрэн бололцоотой гэнэ. Уул уурхай, хөдөө аж ахуйн зарим тоног төхөөрөмжөө энд авчирсан учраас үзэж сонирхох боломжтой юм байна.

Маргаашийн бизнес форумд Ерөнхий сайд М.В.Мясникович оролцон холбогдох яамдын төлөөлөгчдөд мэдээлэл өгч, компаниудтай ганцаарчилсан уулзалт зохион байгуулах аж. Энэ бизнес форумыг зохион байгуулснаар худалдаа эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна хэмээн Беларусийн талаас мэдэгдэж байна.

Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ