
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудын Засаг дарга нартай ээлжит цахим уулзалтаа хийлээ. Цахим уулзалтын үеэр Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад энэ оныг дуустал гадаад оронд томилолтоор явахгүй байх, албан байгууллагадаа тавилга хэрэгсэл шинээр худалдан авахгүй байх, бичиг хэрэгслийн зардлыг бууруулах зэргээр оногдсон төсвөө ариг гамтай хэмнэхийг захилаа.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан нэг жилийн хугацаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг 16 аймагт очиж ажилласан байна. Дээрх аймгууд хөгжлийн төлөвлөгөө боловсруулан баталсан ч гэлээ энэ нь цаасан дээр бууснаас бус амьдралд хэрэгжээгүй байгаа гэнэ. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллага бүр тус, тусдаа байшин барьсан. Дэд бүтэц нь томрохын хэрээр харуул хамгаалалтаас эхлээд үйлчлэгч гэх мэт боловсон хүчний тоо нэмэгдэж, зардал өсдөг. Иймд ирэх жилээс төсвийн байгууллага бүр барилга байшин барьж, тансагладаг байдлыг таслан зогсооно гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн.
Ирэх жилээс аймаг бүрт 1000 айлын орон сууц барихад дэмжлэг үзүүлж, дэд бүтэц татахад Засгийн газар хөрөнгө гаргах юм байна. Орон сууцыг барилгын компаниудаар гүйцэтгүүлэх учир Засаг дарга нар найдвартай, чанартай гүйцэтгэх компанийн эрэлд гарах нь. Харин аймгуудын Засаг дарга нар цахим хуралд оролцсон Сангийн, Боловсрол, шинжлэх ухааны, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд тулгамдаад байгаа асуудлаа учирлаж байв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ